Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Ерөнхийлөгч Г.Солтанд өршөөл үзүүлжээ
3 жил өмнө   497
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас хамаарал бүхий компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь батлагдаж, гурван жилийн хорих ял сонсон эдэлж байсан УИХ-ын гишүүн асан Г.Солтанд Ерөнхийлөгч Х.Баттулга өршөөл үзүүлснээр суллагджээ.
 
Тэрбээр өчигдөр /2021.03.25/ шоронгоос гарсан юм байна. “Г.Солтан миний бие хэргээ  хүлээн зөвшөөрч байна, буруутай” гэсэн тул Ерөнхийлөгч Х.Баттулга өршөөл үзүүлсэн гэх.
 
Энэ янзаар бол ЖДҮХС-гаас зээл авч, ял сонссон улстөрчид нэг, нэгээрээ суллагдах шинжтэй. Г.Солтанаас өмнө УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа суллагдсан бол зээлийг улстөрчдөд олгох эрх мэдлийг атгаж байсан тухайн үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг гэм буруугаа хүлээсэн үндэслэлээр шүүхээс ял авалгүй, хэргээс мултарсан.
 
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн мэдэгдлээр бол ЖДҮХС-гийн хэрэгт МАН-ын 40 гаруй гишүүн холбогдсон. Гэвч Авлигатай тэмцэх газар /АТГ/ -аас хэргийг шалгаж байгаа нэрийн дор заримынх нь хэрэг дарагдсан бол заримынх нь хэрэг холбогдолгүй болж, шүүхэд очихоос өмнө цагаадсан.
 
Энэ мэтчлэн нэг, нэгээрээ өршөөгдсөнөөр одоо УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир л ял эдэлж байна. Удахгүй МАН 100 жилийн ойдоо зориулж, Өршөөлийн хууль батлахад тэрбээр шоронгоос  суллагдахыг үгүйсгэх аргагүй.
 
Гэтэл гар утас хулгайлсан хэргээр жирийн иргэн нь шоронд хоригдож байгаа.
 
Өөрөөр хэлбэл, улстөрчид нь албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, бага хүүтэй зээл авч, ард түмнийхээ боломжийг хулгайлах, гар утас хулгайлсан үйлдэл хоёрыг харьцуулахад газар тэнгэр шиг зөрүүтэй ч хэн, хэн нь хариуцлага хүлээх ёстой.
 
Гэтэл улстөрчид нь наранд, жирийн иргэн нь нарсанд сууж байна. Ийм байхад Монголд шударга ёс тогтох уу.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй хийх тэмцэл зогсоогүй гэж ярьж ирсэн ч Солтанд өршөөл үзүүлсэн энэ үйлдэл нь бардам ам шалдан гуя байсныг л харууллаа.
 
А.Цэлмэн
Ерөнхийлөгч Г.Солтанд өршөөл үзүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0