“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монгол талын шинэчилсэн бүрэлдэхүүний хурал боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн асуудал, тэр дундаа Чөлөөт бүс, Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг эрчимжүүлэх асуудал чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үүнийг эрхлэн хариуцахаар болсон.
Монгол, Хятадын “Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Хамтарсан зохицуулах зөвлөлийн Монголын талын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 280 дугаар тогтоолоор баталсан.
Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2024 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тушаалаар Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Тус бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагийн нийт 30 гаруй удирдах албан тушаалтнууд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2024.09.11/ шинэчилсэн бүрэлдэхүүний хурлыг зохион байгуулав.
Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил шинэчилсэн бүрэлдэхүүнийг танилцуулж хурлын үйл ажиллагааг эхлүүлэв.
Энэхүү хуралдаанаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч Ц.Ганбат гишүүдэд Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Гишүүд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтын ажиллагааны бүсийн Монгол талын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг БНХАУ-ын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах, хил дамнасан авто замын байгууламжаар холбох, улсын хилийн огтлон гарах цэгийн байршлыг тохирох, бүсийг хөгжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцлоо.
Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил “Замын-Үүд” чөлөөт бүсэд тулгамдаж буй асуудлыг харьяа яамдууд хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монгол талын бүрэлдэхүүнд орсон төлөөллүүдийг өөрсдийн салбар чиглэлийн хүрээнд зөвлөмж, зөвлөгөө өгөх, өгөгдсөн асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллах чиглэлийг тус тус өглөө.
“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ |
|