Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Эрдэмтэд Сугар гарагийн агаар мандлаас амьдралын шинж тэмдэг илрүүлжээ
4 жил өмнө   396
Манай дэлхийтэй хамгийн ойр оршдог Сугар гарагийн агаар мандлаас амьд организмтай холбоотой фосфин хэмээх хийг илрүүлснээ хэсэг эрдэмтэд Даваа гарагт зарлажээ.
 
Сугар гарагийн нөхцөл байдлыг эрдэмтэд шууд утгаараа халуун там гэж тооцдог юм. Энэ гараг дээр өдрийн температур нь тугалгыг ч хайлуулахуйц өндөр бөгөөд агаар мандал нь бараг бүхэлдээ нүүрсхүчлийн давхар ислээс бүрддэг гэсэн ойлголт бий. Тэгвэл Хавай болон Чилийн Атакамын цөлд орших телескопуудыг ашиглан судалсан эрдэмтэд тус гараг дээр амьд организм байж болзошгүй шинж тэмдгийг илрүүлсэн байна.
 
Тэд Сугарын гадаргаас 60 км өндөрт орших үүлний бүтцийг судлаад фосфин хий илрүүлжээ. Уг хий нь манай дэлхий дээр амьд организмуудын задралын үеэр үүсдэг юм. Эрдэмтэд Сугар дээр фосфин хэрхэн үүсч болохыг харахын тулд хэд хэдэн компьютер загвар гарган туршжээ.
 
Ингээд эцэст нь тэд тус гараг дээр фосфиний “ямар нэг нууцлаг эх үүсвэр” байгаа гэж дүгнэсэн байна. Австрали дахь Хатан Хааны хүрээлэнгийн судлаач Алан Дюфи “энэ бол дэлхийгээс өөр гарагт амьдрал байж болзошгүйг харуулсан миний мэдэх хамгийн тод шинж тэмдгүүдийн нэг” гэж ярьжээ.
 
Гэхдээ фосфин нь биологийн бус аргаар бий болох боломжгүй гэдгийг эхлээд батлан харуулах шаардлагатайг тэр хэлсэн байна. Дэлхийтэй ойр зайд оршдог, хэмжээний хувьд ч ойролцоо Сугар гараг нь астрономичдын хувьд судалгааны чухал сэдэв болдог. Хэрвээ дэлхийн дулаарал үргэлжилсээр байвал эцэстээ манай гараг ийм халуун ертөнц болон хувирч магадгүй гэж зарим эрдэмтэд үздэг юм.
 
Эх сурвалж: AFP
Эрдэмтэд Сугар гарагийн агаар мандлаас амьдралын шинж тэмдэг илрүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0