Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа олон нийтийн сүлжээгээр тархсан ташаа мэдээлэлд тайлбар өгөв.
Тавдугаар сарын 16-ны өдөр ОХУ-аас Алтанбулагаар орж ирсэн иргэний шинжилгээний хариу тэнд байхад нь сөрөг гарсан ч энд ирээд халдвартай нь батлагдсан. Энэ нь хилээр орж ирэхдээ халдвар авсан байж болзошгүй гэх утгатай мэдээлэл тараад байгаа билээ.
Энэ тухай А.Амбасэлмаа хэлэхдээ “Тухайн иргэн нь 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд тус улсын Улаан-Үд хотод бусад 6 хүнтэй байр түрээслэн амьдарч байсан юм билээ.
Энэ иргэн тавдугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Батсүмбэрийн сувилалд ирж тусгаарлагдсан. Ингээд тандалтын шинжилгээгээр COVID-19 халдвар биеэс нь илэрсэн юм. Тухайн иргэн Улаан-Үдэд байхдаа хоёр удаа шинжилгээнд ороход хариу нь сөрөг гарсан. Гэхдээ шинжилгээний хариу хүлээн авах 5-6 хоногтоо тус хотод байсаар байсан юм. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 8-ны өдөр шинжилгээ хийлгэж, 12-ны өдөр хариугаа авсан байна.
Гэтэл тухайн иргэн “Би Монгол Улсад орж ирэх явцдаа Төв аймгийн сувилалд ирэх хугацаандаа халдвар авчихлаа” гэх асуудлыг ярьж, иргэдийг үймүүлж байгаад харамсаж байна. Энд тийм халдвар авах эрсдэл болоогүй. Үүнийг би баттай хэлнэ.
Энэ хүн Монголд орж ирэхдээ халдвар аваагүй гэдгийг нотлох бас нэг нотолгоо нь, тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж, тусалж байсан. Энэ нь түүний сайн тал. Гэхдээ эмчилгээ үйлчилгээ явуулах явцдаа ч халдвар авах эрсдэл байсан.
ДЭМБ-ын мэдээлж буйгаар COVID-19 халдварын нууц үеийн хугацаа хамгийн багадаа 5-6 хоног байдаг бол цаад тал нь магадгүй 21 хоногт хүрч болзошгүй. Мөн бид өвчтэй хүнийг тээж авчраагүй. Учир нь энэ бүхэн Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг гэдгийг би олон ч удаа хэлж байна. Тодруулбал, ОХУ-аас илт эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүнийг явуулаагүй. Тийм зохицуулалттай. Мөн Монгол Улсын хойд хил дээр нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүнийг тэр дор нь тусгаарлаж, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлалтын байранд аваачиж байгаа.
Тухайн иргэн өөрөө халдвар судлалын талаар ойлголт муу учраас ташаа мэдээлэл тарааж байж магадгүй. Халдвар судлал бол халдварт өвчний тархалтыг судалдаг, өөрийн гэсэн арга зүйтэй шинжлэх ухаан. Энэ бол Монгол Улсад өнөөдөр халдварт өвчний чиглэлдээ сайн хөгжиж ч байгаа шинжлэх ухаан. Үүний ачаар бид өнөөдрийг хүртэл ард иргэдээ энэ цар тахлаас хамгаалж чадаж байна гэж би энэ мэргэжлийнхнийг ахалж байгаа хүний хувьд хэлнэ.
Өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэндийн бүх байгууллага нөр их хөдөлмөрлөж байна. Цаг наргүй ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ энэ их хөдөлмөрийг хүндлээч гэж хүсмээр байна. Монгол Улсын эрүүл мэндийн систем чадлынхаа хэрээр ажиллаж буй учир энэ ташаа мэдээллийг битгий хүндээр хүлээж аваарай гэж иргэдээс хүсье" гэсэн юм.
А.Амбасэлмаа:"Монголд ирэх замдаа халдвар авчихлаа гэх мэдээлэл худал" |
|