Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг Монгол улсад нутагшуулахад Свич Ази хөтөлбөртэй хамтран ажиллаж байна
5 жил өмнө   649
Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний зарчим иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд гээд хамаарахгүй салбар байхгүй. Иймээс Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн 12-р зорилт буюу Хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээг Монгол улсад нутагшуулахад Байгаль орчин, аялал жуулчлалын  яам Европын Холбооны СВИЧ Ази хөтөлбөр, уг хөтөлбөрийн Тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ бүрэлдэхүүн хэсэгтэй  хамтран  төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар өнөөдөр /2020.01.10/ холбогдох талууд “Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл”  оролцогч талуудын хурлыг зохион байгууллаа.
 
Хурлаар өнгөрсөн хугацаанд Монгол улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэж цаашид Тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээг монголд хэрэгжүүлэх гол талуудын хамтын ажиллагааны платформыг бий болгох, ингэснээр салбар дундын мэдээлэл солилцоог үр нөлөөтөй болгох талаар хэлэлцлээ.
 
Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл, эко тэмдэг,  Ногоон барилгын төсөл, Агаарын бохирдлыг бууруулах, Барилгын материалыг дахин боловсруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тухайлбал Улаанбаатар хотын гэр хороололд дулаан алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлэж, зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлал үйлчилгээ үзүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй эко бүтээгдэхүүнийг дэмжих үйлчилгээг үзүүлжээ. Харин материалыг дахин ашиглах замаар барилгын салбарын нөөцийн хэмнэлттэй, цэвэр үйлдвэрлэлийг сайжруулах зорилгоор барилгын материалыг дахин боловсруулах төслийг хэрэгжүүлжээ.
 
Түүнчлэн Ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эко шошгожуулалтыг дэмжих замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, Монгол улсын тогтвортой байдал, бүтээгдэхүүн үйлдэрлэл болон борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох стандартыг сайжруулахад чиглэн ажилласан талаар БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг танилцууллаа.
 
БОАЖЯ-аас  тэргүүлэн бусад холбогдох яамд, албад, хувийн хэвшил, иргэний байгууллагууд болон олон улсын байгууллагууд зэрэг олон талын оролцоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн нь ногоон хөгжлийг монголд нутагшуулах эхний том алхамууд болж байгааг талууд хурлын үеэр онцолж байлаа.
 
2016 оноос хойш БОАЖЯ-ны зөвлөмж, дэмжлэгтэйгээр нийт 5 аймаг Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж, иргэдээрээ хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжүүлж байгаа нь орон нутагт хөгжлийн чиг хандлага ногоон болохоос гадна наад зах нь иргэд, сургуулийн сурагчид ногоон хөгжлийн талаарх суурь ойлголт, мэдлэгтэй болж байна гэсэн үг юм.
 
Цаашид СВИЧ Ази ТХҮ-ийн бүтээгдэхүүн хэсэг манай улсын хэмжээнд тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн бодлогыг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлж, тогтвортой орон сууц, нүүрстөрөгчийн ялгарал болон нөөцийн хэрэглээ багатай эрчим хүчний үйлдвэрлэлийн тогтолцоо, эрчим хүчний үр ашигтай ашиглалт, халаалтын хувилбар зэрэг тэргүүлэх чиглэлд анхааран ажиллаж . эко-инноваци, тогтвортой худалдан авалт болон эко шошгын талаарх олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд дэмжиж ажиллахаа онцолж байв.
 
Ц.ОРГИЛ
Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг Монгол улсад нутагшуулахад Свич Ази хөтөлбөртэй хамтран ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0