БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилж байна.
Тэрбээр өнөөдөр үдээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана.
Өчигдөр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийсэн тухай бид мэдээлсэн.
Уг хэлэлцээний үеэр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрчээ. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар Замын-Үүд – Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байна.
Айлчлалын хүрээнд байгуулагдсан баримт бичгүүд:
-
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг”
-
Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
-
Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө
-
Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд бараалхана |
|