Өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн ниссан теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргажээ. Уг автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож, ганцаараа зорчиж явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэх мэдээлэл байна. Түүний хамар, завжнаас цус гарснаас өөрөөр ноцтой гэмтэл байгаагүйг эх сурвалж мэдээлэв.
Тэрбээр 67-..УНЦ дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна. Иймээс машины хаалга онгойхгүй байснаас зам дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн хоёр алба хаагч автомашины шилийг нь хагалж, Б.Пүрэвдоржийг аварсан гэж хэргийг нүдээр харсан гэрч мэдээлж байна. Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид шуурхай ажилласны үндсэн дээр галыг унтраан, аюулгүй болгожээ.
Б.Пүрэвдорж гишүүний тухайд эдгээр үйл явдлын дараа эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ рүү явжээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Ослыг хэн үйлдсэн талаар мэдээлэл алга байна. ЦЕГ-аас тодруулах нь зүйтэй" гэсэн юм. ЦЕГ-аас "Уг ослын талаар шалгаж байгаа. Жолооч нь хэн байсныг одоогоор мэдэхгүй байна" гэв.
Эх сурвалж:Tsahiur.mn
Б.Пүрэвдорж гишүүн зам тээврийн ноцтой осол гаргажээ |
|