Цөөн үгээр:
Засгийн газар Оюу Толгой төслийн талаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна
2 сар өмнө   321
"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо өнөөдөр хуралдав.
 
Түр хорооны хуралдаанаар “Оюутолгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүрэг бүхий Ажлын багийн ажлын явц, хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээлэл сонслоо
 
Засгийн газрын мэдээллийг Ажлын багийн дарга,  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр, УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Ажлын ерөнхий төлөвлөгөө баталсан. Энэ онд Ажлын баг санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах, Засгийн газрын яриа хэлэлцээний явц байдлыг УИХ-ын холбогдох байнгын хороо, чуулганд танилцуулахаар төлөвлөсөн. Мөн хоёр талын уулзалтууд зохион байгуулахаас гадна зөвлөхийн гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, АНУ-ын Акип Гамп хуулийн фирмээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Герман Улсын Фихтнер компаниас геотехник, усны асуудлаар зөвлөх үйлчилгээ авахаар томилон ажиллуулж байна.
 
Маргааны хувьд, одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн сарын 30-нд арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан. Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойс Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах зэрэг багтаж байна гэлээ.
 
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг дөрөвдүгээр сарын 9-нд хөрөнгө оруулалтын нэмэлт зээлийн хэлэлцээр хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын байр суурийг тодруулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью Йоркт шалгаж байгаа. Мөн Оюу Толгой далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлсэн, удахгүй танилцуулна гэв.
Засгийн газар Оюу Толгой төслийн талаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0