Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Улс төрд үүсээд байгаа өнөөгийн нөхцөл байдалд харамсаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай олон жил нэг намд зүтгэсэн, багаас нь мэднэ. УИХ-ын дарга гэдэг Монголын бүх дарга нарыг удирдаж байгаа хариуцлагатай албан тушаал. Өөрийнхөө үг, үйлдэл, үйл ажиллагаагаараа үлгэрлэж байх ёстой. Залуу хүнийх нь хувьд дэмжиж УИХ-ын даргаар ажиллуулж байгаа.
Өнөөдөр нэгэнт нүүрсний хулгайд хардагдаж, авлига албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож байгаагийнх нь хувьд ажлаа өгөөд хуулийн байгууллагад шалгуулаад, нэр төртэйгөөр улс төрийнхөө карьераа үргэлжлүүлэх боломжтой гэж бодож байна. Түүнээс айж сандраад өдөр бүр гүйж гарч ирээд мэдэгдэл хийгээд хүн итгэхээргүй боллоо.
Намын даргын асуудлыг Их хурлаараа шийдэх хэрэгтэй.
Хяналтын ерөнхий хороо хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл намын Хяналтын ерөнхий хорооны дарга бол орон тооны ажил. Энэ албан тушаалыг УИХ-ын гишүүн давхар хашиж болохгүй. Б.Баярбаатарыг ч гэсэн би багаас нь мэднэ. Тиймээс ухаараасай гэж бодож байна. Улс төрийн шахалт, эсвэл найз нөхдийнхөө үгэнд ороод ийм зарчимгүй байж болохгүй. Өөрийнхөө итгэл үнэмшлээр дүрэм журмын хүрээнд ажиллах ёстой.
Намайг хов зөөдөг гэж ховын журмаар ярихыг нь би ойлгоогүй. Яагаад таван хүний нэр дурдаж байгааг ч ойлгоогүй. Би хувьдаа зарчимтай байхыг хичээж ажилладаг. Хов ярьсан зүйл надад огтоос байхгүй. Ерөнхийлөгч бол гадаадад улсаа төлөөлдөг цорын ганц тэргүүн дипломат. Би Гадаадад харилцааны сайдын хувьд байнга холбоотой ажилладаг.
Гадаад харилцаа бол тасралтгүй үргэлжилж байгаа ч надад бол түвэгтэй л байна. Дотоодын энэ хэрүүл тэмцэл бол ардчилсан улсад байдаг л асуудал. Гэхдээ гаднын хүмүүс гайхаад асуухаар үнэндээ хэлэх үг олдохгүй юм" гэлээ.
Б.Батцэцэг: УИХ-ын дарга ажлаа өгөөд хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй |
|