Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Хав дарсан нүүрсний гэрээнүүдийг ил болголоо
3 цагийн өмнө   39
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд нийцүүлэн олон нийтэд ил тод болгох ажлыг шуурхай зохион байгуулах шийдвэр гарчээ. Тус компани 2010-2025 оны хугацаанд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулснаас 581 гэрээг ил тод нээлттэйгээр компанийн цахим хуудаст байршуулах юм байна. Урт хугацаатай, уурхайн ам нөхцөлтэй таван гэрээг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, жишгийн дагуу нөгөө талдаа урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай тул түр хойшлуулжээ. 
 
Ил тод болгож байгаа 581 гэрээний хувьд улсын нууцад бүртгэгдсэн ч бий, нууцын зэрэглэлгүй боловч олон нийтэд ил болголгүй төмөр шүүгээндээ хав дарчихсан нь ч байгаа гэнэ. Нууцлах шаардлагагүй гэрээг олон нийтэд үзүүлэлгүй 10-15 жил болсны цаана нүүрсний хулгай, булхай нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Харин одоо Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 15 жилийн хугацаанд хэнд, хэний ямар компанид хэдэн тонн нүүрс хэчнээн төгрөгөөр худалдан борлуулсан бэ, хэрхэн сонгон шалгаруулалт хийж байсан бэ гэдгийг олон нийт мэдэх боломжтой болж байна. Энэ бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бодит үр дүнд хүрч байгаагийнх. 
 
Баялагтаа эзэн байна гэдэг баялгийнхаа үнэ цэнийг мэдэрч, түүнийгээ хэнд хэдэн төгрөгөөр зарж, хэдий хэмжээний ашиг олж байгаагаа мэдэж байхын нэр. Г.Занданшатарын Засгийн газар ийм боломжийг иргэдийнхээ гарт атгууллаа. Дараагийн алхам нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох явдал. Энэ талаар бодлого, шийдвэр гарч, тодорхой ажлууд хийгээд эхэлчихсэн. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулах үүрэг чиглэлийг өгчээ. Энэхүү аудитыг хийх гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах ажлын даалгаврыг боловсруулж бэлэн болгосон юм байна.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК бол стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой, хаалттай хувьцаат компани. Нэг үгээр хэлбэл Монголын ард түмний өмч. Гэтэл бүх гэрээ, хэлцэл нь нууц, далд хийгддэг байж болохгүй. Тиймээс тус компанийг засаглалын хувьд нээлттэй хувьцаат компани болгож олон нийтийн хараа хяналтад оруулах замаар нүүрсний хулгайг зогсооно гэж байгаа нь зөв. Ингэж байж асуудлыг уг үндсээр нь засна. Хүн солигдсон ч тогтолцоо, схем нь амь бөхтэй оршсоор байдаг нүүрсний хулгай бүрмөсөн арилна. Байгалийн баялаг жинхэнэ утгаараа олон нийтийн мэдэлд очно.    
 
Хав дарсан нүүрсний гэрээнүүдийг ил болголоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0