Цөөн үгээр:
  • АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
  • Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
3 цагийн өмнө   103
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2010 онд оноос хойш сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлага мэдлэгтэй бөгөөд төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
 
Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, мөн үг хэлэв. Тухайлбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх, гүйцэтгэх засаглал, төрийн албаны тогтвортой байдлыг хэрхэн хангах, олон улсын улс төр, эдийн засгийн ээдрээ түвэгтэй нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авах, гадаад худалдааны тэнцвэрийг хэрхэн хангаж, нэн шаардлагатай импортын бараа, бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байх, үндэсний валютын ханшийн уналтыг хэрхэн тогтоон барих, төрийн өмчийн менежментийг хэрхэн сайжруулж, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, мөн төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртал, авлигыг таслан зогсоох, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнес, зах зээлийн орчныг эрүүлжүүлэх, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн хэвшлийн нэмүү өртгийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг олон зүйлийг асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас хариулт авлаа. 
 
Шинээр байгуулагдах Засгийн газар дэд сайдтай байх эсэхийг тодруулахад ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдгүй ажиллана гэдгийг хэлсэн. Мөн яамдын дэргэдэх агентлаг, хөгжлийн төвүүдийг мэргэжлийн холбоодод шилжүүлж төрийн бүх үйлчилгээг либералчилна гэдгээ тодотгосон юм. 
 
Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 107 гишүүний 82.2 хувь нь дэмжлээ. 
 
Ерөнхий сайд Н.Учрал маргааш танхимаа бүрдүүлж, лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдааныг шинэ бүрэлдэхүүнээр хийх төлөвтэй байна.
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0