Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
2 цагийн өмнө   122
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.08.13) Үндэсний аудитын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны төлөөллийг хүлээн авч уулзан, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.
 
Уулзалтын үеэр салбарын төлөөллүүд Улсын Их Хурлын 2021 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар нийгмийн түншлэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн гурван талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн талаар мэдээлэв. Мөн хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой хөдөлмөрийн маргаан нэмэгдэж байгаа болон талуудын хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ.
 
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт талууд хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллаж, аль нэг салбарын эрх ашгийг түлхүү тавихаас илүүтэйгээр хөдөлмөр эрхэлж буй иргэд болон нийт талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангаж, Монгол Улсын нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг онцлов. Түүнчлэн асуудлыг маргаан, зөрчилдөөнд хүргэхээс илүүтэйгээр хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг үр дүнтэй хийх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.
 
Хэрэв гурван талт улсын хэлэлцээрээр хэлэлцэх асуудлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалтын хүндрэл байгаа бол маргаан үүсгэхээс илүүтэйгээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа тодорхой боловсруулж, Улсын Их Хуралд ирүүлэхийг зөвлөлөө. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодит санал, санаачилгыг хүлээн авч, хамтран ажиллахад Улсын Их Хурал нээлттэй гэдгийг тэмдэглэв.
 
Мөн улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед ажил олгогч, ажилтан харилцан ойлголцож, эрх, үүргээ хүндэтгэн, асуудлаа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах суурь нөхцөл болохыг дурдлаа.
 
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, А.Ариунзаяа, Т.Аубакир, С.Эрдэнэбат болон албаны бусад төлөөлөл оролцов.
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0