Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Украины арми Курск мужид дахин нэг гүүрийг устгажээ
10 сар өмнө   246
Ням гарагт Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрт дахин нэг стратегийн ач холбогдолтой гүүрийг устгаснаа мэдээлжээ.
 
Сейм голын дээр оршдог Званное тосгоны ойролцоох гүүр дэлбэрч байгааг агаараас харуулсан дүрс бичлэгийг Украины армийн эх сурвалж өчигдөр тараасан байна.
 
“Дахин нэг гүүр хасагдлаа” гэж Украины агаарын хүчний командлагч, генерал Микола Олещук сошиал хуудсандаа бичжээ.
 
Тэрбээр цааш нь “Украины агаарын зэвсэгт хүчин нарийвчилсан цохилтоор дайсныг ложистикийн чадавхгүй болгосоор байгаа нь байлдааны ажиллагааны явцад ихээхэн нөлөөлж байна” гэж бичсэн байна.
 
Өнгөрсөн долоо хоногт мөн Сейм голын дээр, Глушково тосгоны дэргэд оршдог гүүрийг агаараас устгаж байсан юм.
 
Уг гүүр Оросын цэргийн хангамжийг дамжуулдаг чухал ач холбогдолтой байгууламж байжээ.
 
Курск мужид Оросын цэргийн арын хангамжид ашигладаг гурван чухал гүүр бий гэж шинжээчид үздэг. Тэдгээрийн хоёр нь ийнхүү устгагдаж байна.

Бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский зэвсэгт хүчин нь Курск мужийн нутаг дэвсгэрт байрлалаа улам бэхжүүлж буйг мэдээлсэн юм.
 
Ням гарагийн оройн мэдэгдэлдээ тэр Курскийн давшилт нь Украины газар нутгийг хамгаалах буфферын бүсийг Оросын нутаг дэвсгэрт байгуулах зорилготойг тайлбарлажээ.
 
Оросын эрх баригчид хоёр долоо хоног орчмын өмнө эхэлсэн Украины давшилтыг “томоохон өдөөн хатгалга” хэмээн нэрлэж, хатуу хариу арга хэмжээ авахаа амлаад байгаа.
 
Бямба гарагт Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт оршдог Запорожийн атомын цахилгаан станцын ойролцоо дроны халдлага гарсан нь цөмийн осол дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлээд байна.
 
Дэлбэрэлт станцын барилгын гадна, өндөр хүчдэлийн шугамаас ердөө 100 метрийн зайд болсон юм.
 
Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн захирал Рафаэл Гросси уг халдлагад маш их санаа зовж байгаагаа мэдэгдээд дайтагч талуудад станцыг хамгаалахыг уриалсан байна.
 
Запорожийн атомын цахилгаан станц нь дайны эхэн үед Оросын цэргийн хяналтад орсон юм. Бямба гарагийн халдлагад Орос, Украины талууд харилцан нэгнээ буруутгасаар байна.
 
Станц сүүлийн хоёр жил эрчим хүч үйлдвэрлэхгүй байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард бүх зургаан реактор нь унтарсан юм.
 
 
 
Эх сурвалж: BBC
Украины арми Курск мужид дахин нэг гүүрийг устгажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0