Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
1 цагийн өмнө   153
МАДРИД. Испани улсад Засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон эрх баригч намын гишүүдтэй холбоотой авлигын хэд хэдэн дуулиан дэгдсэний дараа өнгөрсөн Бямба гарагт нийслэл Мадрид хотноо хэдэн арван мянган хүн оролцсон масс жагсаал боллоо. Жагсагчид Ерөнхий сайд Педро Санчесийг нэн даруй албан тушаалаас нь огцрохыг шаардсан байна.
 
Испанийн Иргэний нийгмийн холбооноос зохион байгуулсан “Нэр төрийн жагсаал”-д оролцогчид үндэсний далбаагаа мандуулан, “Социалист мафи огцор” зэрэг хатуу уриа лоозон барьжээ. Зохион байгуулагчдын зүгээс жагсаалд 80 мянга гаруй хүн оролцсон гэж мэдээлсэн бол албаны эх сурвалжууд энэ тоог 40 мянга орчим байсан гэж урьдчилсан байдлаар тооцоолсон байна.
 
Жагсаал ерөнхийдөө тайван замаар өрнөсөн боловч төгсгөл хэсэгтээ зарим бүлэг жагсагчид Ерөнхий сайдын албан ёсны өргөө болох "Монклоа" ордны гаднах хамгаалалтын хаалтыг сэтлэн дотогш нэвтрэхийг оролджээ. Үүнээс үүдэн жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэж, наад зах нь долоон цагдаагийн ажилтан хөнгөн бэртэж гэмтсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр үймээн дэгдээсэн гурван иргэнийг саатуулжээ.
 
Ерөнхий сайд Педро Санчесийн ойрын хүрээллийнхэн, түүний дотор гэр бүлийн гишүүд болон Социалист намын хэд хэдэн өндөр албан тушаалтан авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдоод байгаа юм. Тухайлбал, хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Испанийн Ерөнхий сайд асан Хосе Луис Родригес Сапатерог мөнгө угаах, нөлөөгөө худалдах сүлжээг удирдсан байж болзошгүй хэргээр шүүхээс шалгаж эхэлсэн нь иргэдийн бухимдлыг улам бүр дэвэргэсэн байна. Их хэмжээний эсэргүүцэлтэй тулгараад буй Ерөнхий сайд П.Санчес эдгээр хэргүүдийг улс төрийн зорилготой гүтгэлэг хэмээн няцааж, албан тушаалаасаа буухгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм.

 

Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0