Цөөн үгээр:
COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн гэсэн мэдээлэл E-Mongolia сайтанд орох болно
1 сар өмнө   621
Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан иргэдийн мэдээллийг E-Mongolia платформд байршуулж, лавлагаа олгох боломжтой болгосон. Лавлагаа нь англи, монгол хэл дээр хэвлэгдэх тул гадаадад зорчих иргэд тухайн лавлагаагаа үзүүлээд явах боломжтойг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлж байв.
 
Вакцинжуулах эрэмбийн дагуу дархлаажуулалтын цэгт очиж, вакцинаа хийлгэсэн иргэдийн мэдээлэл E-Mongolia-д хэдийнээ байршсан бол Интермед эмнэлэгт COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн мэдээлэл дээрх платформ хараахан ороогүй байгаа юм.
 
Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодруулахад "Дархлаажуулалтын цахим бүртгэлийн систем бүх нэгжид бүртгэл мэдээлэл хийж байгаа. Интермед эмнэлгийн мэдээлэл програмд орж эхэлж байгаа учраас хоёр дахь тунгаа хийлгэхэд мэдээлэл нь орсон байх болно" гэлээ. 
 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 376,373 хүн коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунг хийлгээд байна. Вакцины нэр төрлөөс хамааран дараагийн тунг хийлгэх хугацаа харилцан адилгүй байгаа.
 
AstraZeneca вакцины эхний тунг хийлгэснээс 56 хоногийн дараа хоёр дахь тунг хийх бол Синофармын Вероселл вакцины дараагийн тунг 28 хоногийн дараа хийж байгаа юм. Харин Интермед эмнэлэгт Спутник V вакцинаар зарим байгууллагын ажилтнуудыг дархлаажуулсан бөгөөд эхний тунг хийснээс 21 хоногийн дараа хоёр дахь тунг хийж эхлээд байна. 
 
Вакцины хоёр тунг хийлгэснээс хойш ойролцоогоор 14 хоногийн дараа хүний биед дархлаа тогтох тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн, сайтар баримтлах шаардлагатай.
 
COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн гэсэн мэдээлэл E-Mongolia сайтанд орох болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0