Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын “Чайна Энержи” группийн төв байранд зочилж, компанийн удирдах албан тушаалтнуудтай уулзлаа. Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа болон Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хөндлөө.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих Нүүрс (Тяньжин)” компани хооронд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ байгуулагдаж, 2025 оны 5-р сарын 14-нд Гашуунсухайт боомтод албан ёсоор баталгаажсан байна. Үүний дагуу нүүрс тээврийн үйл ажиллагаа өнгөрсөн сард эхэлсэн юм.
Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан гэрээг хэрэгжүүлэх явц, төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ярилцаж, нүүрс тээврийг тогтсон хуваарь, цаг хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлд санал солилцжээ.
16 жилийн турш 247 сая тонн нүүрс экспортлоно
Гэрээний дагуу Монгол Улс ирэх 16 жилийн хугацаанд нийт 247 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Энэ нь өнөөгийн ханшаар тооцоход 3.7 тэрбум ам.долларын орлого олох боломжтой эдийн засгийн өндөр өгөөжтэй төсөл хэмээн тооцоологдож байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 700 хоногт багтаан дуусгах зорилт тавьсан бөгөөд энэ хугацаанд тээврийг төмөр зам, авто болон холимог тээврийн хэлбэрээр гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
2025 оны төлөвлөгөөгөөр, “Монголын төмөр зам” компани энэ онд таван сая тонн нүүрс тээвэрлэх үүрэг хүлээсэн. Үүний тулд сар бүр 800 мянга гаруй тонн, өдөрт 58 вагон бүхий есөн галт тэрэг, 260 автомашин ашиглан нүүрс экспортлохоор ажил эхэлжээ.
Саатал үүсгэж буй сорилтууд
Уулзалтын үеэр “Чайна Энержи”-ийн Цахим худалдааны компанийн ТУЗ-ийн дарга Жан Яншэн “Одоогоор Тавантолгойн өртөөн дээр 30 мянган тонн нүүрс хүлээж аваад байна. Гэвч уурхайн ам руу автомашин нэвтрэх боломжгүй, тээвэр 1–2 хоногоор саатах зэрэг тулгамдсан асуудлууд гарч байгаа нь хугацааны хувьд эрсдэл үүсгэж болзошгүй” гэж мэдэгджээ.
Түүнчлэн “Чайна Энержи” интернэйшнл компани энэ онд нийт ажиллах хүчний 30 хувийг илгээж, энэ сард багтаан Монгол Улсад салбар компани байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мөн мэдэгдсэн байна.
“Чайна Энержи”-тэй байгуулсан гэрээ эдийн засагт томоохон өгөөж авчирна |
|