Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаас өөрийн хүсэлтээр түдгэлзэж байгаагаа мэдэгдэв
5 жил өмнө   567
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр дөнгөж сая мэдээлэл хийлээ. 
Тэрбээр "Тост, Тосон бумбын асуудлаар сэтгүүлчдийн сурвалжлах баг гаргасан. Энэ компанийн хууль бус ажиллагааг сурвалжлахдаа сэтгүүлчид өөр өөрийн үзэл бодлоор хандаж, асуудалд хараат бусаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, сурвалжалага хийсэн. Дөрөвдүгээр сараас энэ асуудлаар би сурвалжлага хийж газар дээр нь очиж ажиллаж эхэлсэн.
 
Би Өмнөговь аймгийн хүн, нутгийнхаа газар нутгийг хамгаалахын төлөө Өмнөговь аймгийн иргэний хувьд, сэтгүүлч хүнийхээ хувьд хандаж байгаа. Харин МСНЭ-ийн ерөнхийлөгчийн албан тушаалын үүднээс хандаагүй. Хамт явсан сэтгүүлчдэд би хэлж байсан. Тосон бумба бол бидний нутаг. Бидний өвөг дээдсийн үлдээсэн нутаг. МСНЭ-ийн ерөнхийлөгч байлаа гээд үнэнээс хазайж нутгаа худалдах ёсгүй гэх сэтгэлээр асуудалд хандаж ирсэн. Сурвалжлага хийх явцад сэтгүүлчдийг энэ асуудалд өөрийнхөө үзэл бодлоор хандаарай гэж би удаа дараа хэлсэн. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийг шалгаад 31 зүйл бүхий зөрчил илрүүлсэн. Тус компанийг хаах хангалттай үндэслэл бүхий шаардлагыг улсын байцаагч тавьсан. Та бүхэн үүнийг үзээч. МХЕГ дээр асуудал булхай нь тодорхой байгаа. Үүнийг та бүхэн дэлгэж тавиач гэж хүсье.
 
Би цаашид ч үргэлжлүүлэн тэмцэнэ. Тосонбумбатай холбоотойгоор би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас гомдол гаргаж хандсан. Тус нутагт байдал хоёр жилийн өмнөхөөс дордсон байна. Биднийг газар дээр нь очиход цүнхээл хөрсний ус тогтсон байсан. Мэргэжлийн байгууллага ажиллаж, шударга дүгнэлтээ гаргах байх гэж найдаж байна.
 
Намайг болон миний нөхдийг, сүүлдээ гэр бүлинг маань гүтгэн харлуулах ажил хийж байгаа. Заналхийлэл, дайралт хэрээс хэтэрсэн. Надад ямар ч бизнесийн эрх ашиг байхгүй. Хувь иргэнийхээ хувьд тэмцэж байгаа. Харин ч би хууль бусаар ажиллаж байгаа уул уурхайг зогсоох болно. Мөн Хоёрдугаарт би хотын даргыг ямар нэг байдлаар шантаажлаагүй, 400 сая төгрөг нэхээгүй. Энэ хүн намайг хэвлэлээр эрээ цээргүй гүтгэсэн. Би энэ хүнийг эртнээс танина, найз нөхөд гэж нөхөрлөж явсан үе ч бий. Би ТВ-8 телевизийг өнгөрсөн жил хуучин эзэн Баярмөнхтэй олон олон гэрээ хийж байж худалдаж авсан. Гэрээ хэлэлцээр хийж байх хугацаанд манай телевиз "Зүүн баян Рефайнери" компани Туулын бургас хядаж барилга барьж байгаа тухай нэвтрүүлэг манай сэтгүүлч Энэрэл бэлтгэн хийсний маргааш телевизийн эфирийг хаасан. Телевиз хаагдсаны дараа над дээр ТВ8 телевиз бүрэн шилжиж ирсэн. Манай телевиз “Оюуны Ундраа” группын эзэмшлийн оффис түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан болохоор ний нуугүй хэлэхэд шууд хэрэлдээд дайрах муухай байсан. Тиймээс эвийн зарчмаар шийдье. Танайх увайгүй үйлдэл хийж байна. Гэхдээ би гомдол чирэгдэл гаргахгүй. Телевизийнхээ эфирийг нээлгэмээр байна гэж гуйсан. Одоо хүртэл телевизийн эрхийг нээгээгүй. Долоо хоноход байдал өөрчлөгдөөгүй. Харин ч биднийг тохуурхсан байдалтай болж ирсэн. Би хувийн өмч хөрөнгөө хамгаалсан эзний хувьд ирээгүй шүү. Үүний цаана хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө байгаа. Үүний цаана Монголын ардчилал байгаа. Би МNBC телевизийн ажилтан руу ёс бус үг хэллэг хэлж ярьсан нь үнэн. Гэхдээ би хэвлэл мэдээлэлд хандаж, олон нийтийн сүлжээгээр хараал хэлж дайрч давшилсан зүйл байхгүй. Хоёр хүний хоорондоо утсаар ярьсан яриаг MNBC телевиз буюу “Оюуны Ундраа” группынхан олон нийтэд дэлгэж тавьсан. Тавина шүү гэж намайг дарамталж, хаалтын гэрээ хийхийг шаардсан. Өөрөөр хэлбэл ТВ8 телевиз техникийн шалтгаанаар хаагдсан гэж телевизээрээ залруулга хийж, “Оюуны Ундраа” болон MNBC-тэй холбоотой ямар ч мэдээллийг телевизээрээ цацаж болохгүй гэсэн. Сэтгүүлч Энэрэлийг аваачиж удирдлагуудаас уучлал гуй гэж шаардлага тавьсан. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол утсаар дарамталсан бичлэгийг чинь цацна гэсэн. Би цац аа гэсэн. Бургас тайрсан нь үнэн биз дээ. Үүнийг сурвалжилсан хэнийг ч МСНЭ хамгаалах үүрэгтэй. Өнөөдөр ТВ8-ыг хааж байна. Маргааш бүгдийг нь хаахад бэлэн болсон байна. Тиймээс би худалтай эвлэрч хаалтын гэрээнд нь гарын үсэг зурж чадаагүй. Тиймээс ч тэр хүмүүсийн гүтгэлэг доромжлол дунд явж байна. Би хулгайч нараас айхгүй. Хулгайч хүн хотын дарга хийж болохгүй. Нэг бол Х.Мандахбаяр худлаа ярьсан. Нэг бол хотын дарга худлаа ярьсан. Энэ хоёр хүний нэг нь хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой биз дээ. Намайг 400 сая төгрөг нэхэмжилсэн гэж гүтгэсэн. Энэ асуудлыг цагдаа шалгаж эхэлсэн. Энэ бүхнийг эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл С.Амарсайхан дарга хотын байх ёсгүй. Сэтгүүлч нөхөд минь надад итгээч, энэ салбараа хайрлаач ээ. МСНЭ-ээ дэмжээч ээ." гэв.  
Түүнчлэн Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас өөрийн хүсэлтээр түдгэлзэж буйгаа мэдэгдсэн юм. 
 
Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаас өөрийн хүсэлтээр түдгэлзэж байгаагаа мэдэгдэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0