Цөөн үгээр ...
  • Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ
  • Өнөөдрөөс шар тэмдэглэл дээр зогсож түгжрэл үүсгэвэл хариуцлага тооцно
  • УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх тов гарчээ
Н.Цэрэнбат: Төр аж ахуйн нэгжүүдийг газар ав гэж гуйгаагүй
1 сар өмнө   161
“Зүүнбаян рефайнери” ХХК нь Туул голын сав дагуу аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар ашиглах эрх авсан ч тус газрынхаа шугуйг сүйтгэн барилга барьсан нь хууль зөрчсөн үйлдэл болж, дуулиан тариад буй. Хуулиараа Туул голын эргээс 50 метр хүртэлх газрыг онцгой хамгаалалтын бүс хэмээн заасан байдаг бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам яагаад энэ асуудалд анхаарал хандуулсангүй вэ гэдэг асуудал ч сөхөгдөж буй. Энэ асуудлыг бид  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас тодрууллаа.
 
-Салбарын яамнаас “Зүүнбаян рефайнери” компанийн  Туул голын сав дагуу авсан газрын зөвшөөрлийг цуцалсан байхад барилга барьчихав уу. Эсвэл цуцалсан байсан газрын зөвшөөрлөө буцаан сэргээсэн үед  хууль зөрчигдөв үү?
 
-Анх 2008 онд Байгаль орчны сайдын тушаалаар “Зүүнбаян рефайнери” компани 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авч гурвалсан гэрээг байгуулсан байдаг юм билээ. Гэвч хууль зөрчиж эхэлсэн учраас 2017 онд  тухайн үеийн Байгаль орчны сайд Д.Оюунхорол газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан.  Одоо ч яамны байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа.  Ямар ч зөвшөөрөлгүй байсан гэсэн үг. Салбарын яамнаас тус компанийн хууль зөрчсөн  үйлдлийг нь зогсоохын тулд дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан албаны хүмүүс тухайн газар хоёр гурав очиж, барилгыг нь албадан буулгах шаардлага тавьж байсан. Гэвч хамгаалалт нь хашаа руугаа ч нэвтрүүлдэггүй байсан.
 
УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор энэ асуудал хэлэлцэгдэхэд бид асуудлыг тавьж, барилгыг нь албан буулгамаар байна гэдгээ хэлж, өгсөн чиглэлийнх нь дагуу дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллан, сүйтгэгдсэн газрын нөхөн төлбөрийн үнэлгээ хийсэн.  Нийт дүнгээрээ 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үнэлэн, шүүхдээд явж байна.
 
-Таны өмнөх сайд газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан байхад яагаад тэнд барилга баригдсан юм бол. Танай яам хяналт тавьдаггүй юм уу. Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа гээд нэг байгууллага бас бий?
 
-Тэр бол миний асуудал биш болчхоод байна. Бүс нутаг дээрээ хуулийг хэрэгжүүлэх нь тухайн шатны дарга нарын үүрэг шүү дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын  дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Туул голын сав газарт хяналтын чиг үүрэг л тавина. Хууль зөрчиж эхлэхэд нь манайх мэдэгдлээ өгөөд  Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас очиж, ажиллаж байсан.
 
-Хан-Уул дүүргийн газрын албанаас нь зөвшөөрөл олгочихсон юм уу эсвэл?
 
-Энэ асуудлыг дүүргийн газрын алба зэргээс асуусан нь дээр. Энэ хэрэг одоо шүүх дээр очсон байгаа. Ер нь бол хүч түрээд л барилгаа барьсан. Үндсэн газрын зөвшөөрөл нь цуцлагдчихаад байхад ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй л болох ёстой.  Гэтэл үл тоож яваад ийм байдалд хүрсэн. Би олон удаа хэлж байгаа. Нэг ч аж ахуйн нэгжийг Туул голын сав газар дагуу газар ав гэж төр гуйгаагүй. Өөрсдөө хууль дүрмийн дагуу юм хийнэ гэж зөвшөөрөл авчихаад дараа нь хууль зөрчөөд ирэхээр буруугаа төр лүү чихэж болохгүй. Хэм хэмжээндээ бай л гэж хэлнэ.
 
Эх сурвалж:News.mn
Н.Цэрэнбат: Төр аж ахуйн нэгжүүдийг газар ав гэж гуйгаагүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0