Цөөн үгээр ...
  • Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ
  • Өнөөдрөөс шар тэмдэглэл дээр зогсож түгжрэл үүсгэвэл хариуцлага тооцно
  • УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх тов гарчээ
"Оюутолгойн гэрээтэй холбоотой 4-5 хүнийг шалгаж байгаа"
1 долоо хоног өмнө   126
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
 
-Оюутололгойн шалгалтын материал Рио Тинто компанийн удирдлагад хүрсэн. Тэдний зүгээс хариу тайлбар ирүүлсэн. Ингэхдээ гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байсан. Тэгэхээр цаашид Засгийн газар ямар байр суурь баримтлах вэ?
 
-УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж, Эдийн засгийн байнгын хороон дээр яригдаж байгаа.  Мөн АТГ болон бусад байгууллагад Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгалт хийж, гэрээтэй холбоотойгоор авлига авсан байж болзошгүй 4-5 хүнийг шалгаж байгаа гэсэн. Энэ бүх дүгнэлтүүд Засгийн газарт ирсний дараа цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлтээ гаргана. Авлига авч байсан байж болзошгүй хүмүүс нь тухайн үед гэрээ байгуулахад оролцсон, гарын үсэг зурсан хүмүүс зарим нэг компанид давуу эрх олгох хэлцэл болсон байж болзошгүй гэсэн хардах үндэслэл үүссэн гэж ойлгосон.
 
-Ажлын хэсгийн дүгнэлтийг Рин Тинто компанид өгсөн хүн нь Д.Дамба-очир гишүүн. Түүнтэй хариуцлага тооцох уу?
 
-Тэр бол УИХ-ын асуудал. Д.Дамба-Очир гишүүний хэлснээр албан ёсоор тайлбар авах хүсэлт тавьсны дагуу өгсөн гэсэн. Түүн дотор нь ямар материал байсан, байнгын хороо өөрсдөө шийдсэн,  УИХ-ын даргын эсвэл хэн нэгний зөвшөөрөлтэй өгсөн эсэх дээр надад албан ёсны мэдээлэл алга. Ер нь бол Оюутолгойн гэрээтэй холбоотой олон газар шалгалт явж байсныг АТГ дээр нэгтгэсэн бол УИХ өөрсдөө бас нэг ажлын хэсэг байгуулж ажилласан. Тэгэхээр одоо энэ дүшнэлтүүд нэгтгэж, УИХ-ын дүгнэлт ирсний дараа Засгийн газар шийдвэрээ гаргана.
 
-Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?
 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл гарсан. Миний хувьд сая хуулийн байгууллагын зарим удирдлагатай холбогдож ярилцсан. Манай танхимын сайд нартай холбоотой шалгагдаж байгаа болон үүссэн, асуудал болсон гэх баримтууд ирээгүй байна гэдгийг хэлсэн. Нэгэнт хэвлэл мэдээллийн байгууллагаар гарсан учраас цаашид нягтлаад явах байх.
 
-"Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон байгаа. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Цаашид тус үйлдвэрийн 49, 51 асуудал юу болох вэ?
 
-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь санхүүгийн луйвар байсан уу эсвэл гэдэг асуудлыг хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүнтэй холбоотой асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. ЗГХЭГ-аас ямар хохирол учирсан бэ гэдгээ тогтоож, хуулийн байгууллагад өгсөн байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хуулийн хүрээнд авч болох бүх ажлаа хийсэн. Засгийн газар онц дэглэм тогтоож ажиллах шийдвэр гаргасан. Түүний дагуу ажлаа үргэлжлүүлж байна. Стандарт банктай холбоотой өрийн асуудлыг төлсөн. Одоо Стандарт банктай холбоотой хохирлыг Ш.Батхүүгийн өмчлөлд байсан хөрөнгийг хураах замаар “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох хүсэлтийг хуулийг байгууллагад хүргүүлсэн.
 
-Ш.Батхүүгийн хөрөнгө хэдий орчим хэмжээний мөнгө болох бол. Өр төлөх боломжтой юу?
 
-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор 40 сая ам.доллар хангалттай хүрэх хэмжээний хөрөнгөтэй байсан боловч бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлсэн байсан.
 
-Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар Засгийн газар хяналтгүй болчихлоо гэдэг шүүмжлэл маш их байгаад байна?
 
-Нийгэмд эмзэглэл байгааг ойлгож байна. Захиргааны хэргийн хэдэн авлигжсан шүүгчдээс болж төрийн ажил явахгүй, олон лицензийн асуудал замбараагүй байсан.Тиймээс энэ хуулийг гаргахаас өөр аргагүй. Энэ хуулийн зохист хэрэглээг авах хэрэгтэй. Магадгүй Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэсэн мэдээлэлтэй байгаа. Хэрэв хориг тавьсан тохиолдолд бид дахин судалж, хуулиа илүү боловсронгуй болгоно байх.
 
-Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэ шалгалтын дүн хэзээ гарах вэ?
 
-Хөгжлийн банкны шалгалтын дүн гарч байгаа. Шалгалтын тайлан, нэмэлт тайлбарыг нэгтгэж, Хөгжлийн банкин дээр бондуудын зарцуулалт гэхэд ямар ямар төсөлд санхүүжилт олгосон, ямар нэг хууль бус зүйл байсан уу гэдэг лист гаргаж, хуулийн байгууллагад хүргүүлж байгаа. Мөн Хөгжлийн банк эдийн засгийн тэргүүлэх салбарыг бий болгох зорилготой байсан ч зорилгоосоо ухарч арилжааны банктай адил үүрэг гүйцэтгэж ирсэн. Тиймээс Хөгжлийн банк 20 тэрбум төгрөгөөс доош үнийн дүнтэй зээл гаргахгүй, Төлөөлөн Удирдах зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулна. Мөн зээл авснаас хойш зээлээ төлөөгүй байгаа чанаргүй зээлүүдийг олон нийтэд зарлана. Бид тодорхой хугацаа өгч, тэр хугацаанд эргэн төлөлт хийгдэхгүй бол хуулийн байгууллагад шалгуулахаар өгнө. Түүнээс гадна Хөгжлийн банкны удирдлагыг солихоор 5-6 хүнээс сонгохоор ажиллаж байна.
 
-Зүүн баян чиглэлийн төмөр зам барих шийдвэрийг Засгийн газраас өгсөн. Гэвч зарим судлаачдын зүгээс Зүүн баян руу явах нь буруу гэж шүүмжлээд байна?
 
-Төрөөс төмөр замын талаар авах бодлого гэж баталсан бөгөөд үүний дагуу ажил хийгдэж байна. Төмөр зам барихдаа гадны компаниудаас ТЭЗҮ авч, танилцаж үзэхэд зардал нь бага, монголчууд өөрсдөө хийж байгаа нь зөв гэж бодож байгаа. Бид улс орны эдийн засаг, төлөвлөлтийн асуудал дээр нэгдсэн байр суурьтай баймаар байгаа юм. Эдийн засгийн болоод урт хугацааны төлөвлөгөө алдагдсан юм болов уу гэж боддог.
 
-Хан-Уул дүүргийн 15-р сургууль дээр 500 гаруй  хүүхэд сүрьеэ өвчний тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл байна?
 
-Би маргааш өглөө салбарын сайдтай нь хэд хэдэн сургууль, байгууллага дээр очиж ажиллана. Газар дээр нь ажиллана. Түүний дараа мэдээлэл өгнө.
 
-Мах, шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх шалтгаан болоод байна. Ер нь Засгийн газар инфляци нэмэгдүүлэхгүй байх, үнийн нэмэгдлийн асуудлаар ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
 
-Засгийн газар удахгүй энэ асуудлаар ярилцана. Махны бизнестэй, холбоотой, хамтарч ажилладаг, нөлөө бүхий хүмүүс махны зохион хомсдол үүсгэсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл ирсэн. Үүн дээр Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд удахгүй Засгийн газарт мэдээлэл өгнө гэсэн. Түүний дараа шаардлагатай бол мэдээлэл өгнө. Ер нь бол улсын нэгдсэн төсөв нэмэгдсэн, эдийн засаг харьцангуй макро түвшинд нэмэгдэж байгаа учраас юмны үнэ савлах нөхцөл үүссэн байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн. Засгийн газар дараагийн хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Мөн инфляци, мөнгөний бодлого зэрэг асуудалд Монголбанкны удирдлагатай холбогдох асуудал яригдах байх.
"Оюутолгойн гэрээтэй холбоотой 4-5 хүнийг шалгаж байгаа"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0