Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Төрөөс хоршоологчдод чиглэсэн тогтсон бодлого хэрэгжүүлэхийг хүслээ
4 жил өмнө   490
    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Монголын Хоршоологчдын Үндэсний Нэгдсэн холбоо /МХҮНХ/-ны тэргүүнээр сонгогдсон. Тэрбээр өнөөдөр /2020.10.07/  тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, хоршоологчдод тулгамдаж буй асуудлыг төрөөс бодлого болгон хэрэгжүүлэх чиглэлд тэдний саналыг сонсч, салбарын яаманд хөгжихгүй байгаа шалтгаан болон хөгжүүлэх гарц гаргалгааг нь танилцууллаа. Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, МХҮНХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, МХААХҮХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, МХААХҮХ-ны зөвлөх Д.Батмөнх нарын Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. 
 
МХААХҮХ-ны зөвлөх Д.Батмөнх хэлэхдээ “Хоршоолол байгуулаад ажиллаж байгаа ченж, хувь хүмүүст төрөөс үйл ажиллагаанд нь хяналт тавих хэрэгтэй байна. Хяналтгүйгээс хоршоолол сайн хөгжихгүй байна. Мөн төрөөс хоршооллыг хөгжүүлэх чиглэлд тогтсон бодлого дутагдаж байна. Засгийн газар өөрчлөгдөх бүрт өөр чиглэлийн бодлого барьдаг. 2008-2012 оны Засгийн газар хоршооллын чиглэлд гайгүй анхаарч, үйл ажиллагааг нь томруулах хүрээнд “Нэг сум-нэг хоршоо” бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл дараагийн Засгийн газар нь “Нэг баг-нэг хоршоо” болгочихсон. Хөдөө аж ахуйн урамшууллын асуудлыг хоршооллоор дамжуулах нааштай бодлого гарч, гайгүй цэгцрэх нь гэтэл устгачихсан. Өөрөөр хэлбэл, хоршоологчдод тогтсон бодлого байхгүй байна. Хоршоологчдын үндсэн үүрэг нь малчдын гараас түүхий эдийг бэлтгээд, зохих хэмжээний боловсруулалт хийгээд зах зээлд нийлүүлэх юм. Гэтэл хоршоологчдод чөдөр тушаа болж байгаа асуудал нь НӨАТ байна. Хоёрдугаарт иргэдийг хоршооллын салбарт оруулж ирэх эдийн засгийн хөшүүрэг байхгүй байна. Ядаж төрөөс олгож байгаа урамшууллыг хоршоологчдоор дамжуулмаар байна. Дараагийн нэг асуудал нь бэлчээрийн асуудал байна. УИХ-аас бэлчээрийг төлбөртэй болгох асуудлыг хөндөж байна. Үүнийг өөр аргаар шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн юм. 
 
Д.Тогтохсүрэн: Малын татварыг сум мал эмнэлэг, өвөлжилт, бэлчээр зэрэгт зарцуулна
 
   Бэлчээрийн асуудлын хүрээнд МХҮНХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хөдөө аж ахуйн  хоршооллыг хөгжүүлэхэд НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Та бүхэн бодлогын түвшинд авч үзээч гэж байгаа юм байна. Үүнийг цаашид хэлэлцэе. Одоо бол малын ноос, арьс шир урамшуулалтай байгаа. Ноос бол үйлдвэрээр дамжаад явж байна. Мөн бэлчээрийн асуудал ярьж байна. УИХ-д 2021 оны улсын төсвийг өргөн барьсан. Төсөвтэй хамт орон нутгаас сонгогдсон гишүүд төвлөрлийг сааруулах хүрээнд Малын тоо толгойн татварын тухай хуулийг санаачлаад өргөн барьсан. Үүнийг сумын татвар гэж нэрлэж байгаа. Татварын дээд, доод хэмжээг нь УИХ тогтооно. Сум тэмээнээсээ илүүг авах уу хониноосоо бага авах уу гэдгийг өөрсдөө тогтооно. Буцаагаад сум дээрх татварыг мал эмнэлэг, мал өвөлжилт, бэлчээр, малчдыг чадавхжуулах сургалт сурталчилгааны ажилд зарцуулахаар тусгаж байгаа. Өмнө нь малын хөлийн татвар улсын орлого болоод явдаг байсан. Одоо бол сум өөрсдөө зарцуулах нь байна” гэлээ. 
 
Төрөөс хоршоологчдод чиглэсэн тогтсон бодлого хэрэгжүүлэхийг хүслээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0