Зүүн хойд Азийн эрчим хүчний хувьсгалд Монгол бэлэн үү. Яг энэ асуултад эрдэмтэд судлаачид юу гэж хариулахыг Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагааны форумын үеэр сонсоорой. Форум аравдугаар сарын 30,31-ны өдрүүдэд болох бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг нийгмийн комисс (UNESCAP) зохион байгуулж байгаа билээ.
Монгол Улс нь эрчим хүчний хувьд импортлогчоос экспортлогч орон болох бүрэн боломж бий. Хэрэвзээ бид эрчим хүчээ экспортолж чадвал гадагшаа урсдаг олон сая ам.долларыг дотооддоо шингээх, ажлын байр бий болгох боломжтой юм. Монгол орон нар, салхины арвин нөөцтэй. Үүндээ түшиглэн бүс нутгийн томоохон тоглогч байхын тулд Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд хамрагдах асуудал ч хөндөгдөж байна. Говийн бүсийн нар, салхины эрчим хүчний нөөцийг 2.6 тераватт байна гэсэн тооцоо судалгаа бий. Зүүн хойд Азийн бүсэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэх үүд хаалга Монгол Улсын өмнө нээгдэж байна. Зүүн Азийн орнуудын эрчим хүчний эрэлт, хэрэгцээ ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх тооцоо гарчээ.
Энэ бүгдийг форумаар ярилцахаар төлөвлөөд байгаа юм. Форумд Эрчим хүчний яам, Хятадын эрчим хүчний зөвлөл, ОХУ-ын эрчим хүчний системийн хүрээлэн, Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжил болон хамтын ажиллагааны байгууллага, Японы сэргээгдэх эрчим хүчний институт, Их түмэн санаачилга зэрэг байгууллагууд оролцох аж.
Эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь Зүүн хойд Азийн орнуудын нөөцийг зохицуулах, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нэвтрэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад дэмжлэг болох юм. Мөн шинэ санаачилга, судалгааны олон талт платформ бий болох аж.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллагаас хийсэн судалгаагаар Монголд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу цахилгаан станцуудыг барьж, Хятад, Япон, Солонгосын зах зээл рүү нийлүүлбэл эдийн засагт том хөрөнгө оруулалт болох нь тогтоогдсон байна.
Ц.ОРГИЛ
Зүүн хойд Азийн эрчим хүчнийхэн Улаанбаатарт чуулна |
|