"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар болсноо 2020 оны хоёрдугаар сарын 17-нд зарлаж байв.
Ингэхдээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тавдугаар сарын 1-нээс иргэдэд ногдол ашиг олгох ажлыг зохион байгуулна гэж байсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байна.
Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс тодруулахад "Иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох бэлтгэл ажлыг бүрэн хангасан. "Эрдэнэс Тавантолгой" компаниас ногдол ашигт хуваарилах мөнгөө дутуу шилжүүлсэн байгаа. Хэрэв мөнгө бүрэн шилжигдэж, Засгийн газрын шийдвэр гарвал ногдол ашгийг шилжүүлнэ. Хувьцааны ногдол ашгийг хэзээ шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна" гэх хариултыг өглөө.
2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1,072 хувьцааны дансаа нээлгэж, баталгаажуулсан нэг сая орчим иргэний ногдол ашгийн мөнгө болох 60 тэрбум төгрөгийг “Эрдэнэс тавантолгой” ХХК Төрийн сангийн данс руу шилжүүлсэн байв.
Үүнээс хойш ногдол ашгийн мөнгө нэмж шилжүүлсэн эсэх болон үлдэгдлийг хэзээ бүрэн шилжүүлж гүйцээхийг 1,072 хувьцааны мэдээллийн төвөөс лавлахад "Энэ тухай мэдээлэл одоогоор байхгүй" гэлээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн юм.
Б.Сайханзаяа
1,072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох нь тодорхойгүй хэвээр байна |
|