Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Сүүлийн үед тренд болсон хөөрхнүүд
4 жил өмнө   1768
Цахим орчинд багагүй шуугиан тарьсан сүүлийн үеийн тренд болсон “Хөөрхөн”-үүдийг танилцуулж байна.
Ерөнхий сайдтай андуурагдсан Б.Намхайжамц хүү
 
Оны өмнөхөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багын зураг олдлоо гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Энэ талаар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биедээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна” гэж хошигносон билээ. Гэвч усны дусал шиг адилхан гэж андуурагдам энэ зураг угтаа Ерөнхий сайдын багын зураг биш зургаан настай Б.Намхайжамц хүүгийн зураг болж таарсан. Тэрээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын хүү ажээ. Түүний хөрөг зургийг гэрэл зурагчин  Л.Батаа дарж нүүр номдоо оруулсан нь ийнхүү андуурагдахад хүрчээ. Мөн Б.Намхайжамц хүү Еguur.mn сайтад “Өөрийнхөө “арзгар” үстэй зургийг фейсбүүкээс хараад ичсэн” гэдэг гарчигтай хөөрхөн ярилцлага өгсөн байдаг шүү.  
 
 
Нусаа сугартал найтайсан Л.Мандула хүү
 
Дараагийн онцлох тренд хөөрхөн бас л Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбоотой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх агшинд тэсэлгүй найтаасан энэ хүү бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн ач Л.Мандула юм. Хамгийн сүүлд буюу гурав дахь удаагаа найтайхад нус нь сугарсан учраас Л.Мандула хүү тэсэлгүй инээд алдаж бусад сурагч болон Ерөнхий сайдыг ч хөгжөөгөөд амжсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үед Л.Мандула хүүд хандаж “Чи ч их тэслээ би ч их тэвчлээ” гээд инээдээ барьж ядсан харагдсан шүү. Харин энэхүү хөгжилтэй бичлэг цацагдсаны дараагаар Л.Мандула хүү өөрийгөө хараад од болжээ гэж бодохоос гадна бага зэрэг ичсэн гэнэ лээ.
 
 
Бөднө шувуу Энжи
 
“Авьяаслаг монголчууд-2016” шоунд “Бөднө шувуу” өгүүллэгээрээ оролцож байсан өхөөрдөм бяцхан охин тэр цагаас хойш урлагийн тогоонд чанагдаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Дуулж бүжиглэж, шүлэг уншина гээд ёстой  элдэвтэй, авьяастай энэ охиныг А.Эрдэнэцэцэг гэдэг. Харин олонд танигдсан нэр нь Энжи. Энжи охин өөрийн гэсэн хэд хэдэн дуутай бөгөөд хамгийн сүүлд Boom Boom хэмээх уран бүтээлээ багачуудын хүртээл болгосон билээ. Тус уран бүтээл youtube-д тавигдсанаасаа хойш сарын хугацаанд 2 сая гаруй хандалт цуглуулжээ. 
Толь шиг тунгалаг нүдтэй имж
 
Австралид гарсан их түймрийн улмаас олон сая га газар шатаж, 24 хүн амиа алдсанаас гадна 1 тэрбум амьтан устсан гэсэн харамсалтай судалгаа гарсан. Зүрх зүсэгдэж, сэтгэл шимшрэм энэ үйл явдлын хажуугаар биднийг түр ч атугай тайтгаруулсан нь түймрийн аюулаас аврагдсан имжний зулзагын зураг байлаа. Өхөөрдөм имжний нүд нь толь шиг тунгалаг юм билээ. 
 
Ц.Энх-Оргил
Сүүлийн үед тренд болсон хөөрхнүүд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0