Цөөн үгээр:
  • Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар Абу Дабигийн “Их дуулга”-д барилдана
  • НҮБ-ын Ерөнхий ассамблей: Хэнийг ч үл орхигдуулна
  • Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт "Бал Маскарад" дуурьд гоцолж байна
Словак улсын ерөнхий сайд таван удаа буудуулж, хүнд шархаджээ
6 сар өмнө   234
Өчигдөр буюу Лхагва гарагт нийслэл Братислав хотын ойролцоох жижиг хотод иргэдтэй уулзах үеэрээ Словак улсын ерөнхий сайд Роберт Фико зэвсэгт халдлагад өртжээ.
 
Нийслэл хотоос зүүн хойд зүгт 180 км зайтай оршдог Хандлова хотын соёлын төвд болсон засгийн газрын хуралдааны дараа Фико гудамжинд иргэдтэй мэндчилж байх үеэр халдлага гарсан байна.
 
Бие хамгаалагчид таслан зогсоохоос өмнө иргэдийн дундаас нэг эрэгтэй ерөнхий сайд руу таван удаа буудаж амжжээ.
 
Хүнд шархадсан ерөнхий сайдыг даруй нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж, хагалгаанд оруулсан байна.
 
 
Өчигдөр орой Словакийн засгийн газрын шадар сайд Томас Тараба хагалгаа амжилттай болж, ерөнхий сайдын биеийн байдал дээрдсэнийг мэдээлжээ.
 
Дотоод хэргийн сайд Сутаж Эсток “Улс төрийн зорилготой халдлага болсныг урьдчилсан байдлаар тогтоосон” гэж энэ үеэр мэдэгдсэн байна. Ерөнхий сайд гэдсэндээ буудуулсныг тэр бас хэлжээ.
 
Словакийн зарим хэвлэл халдлага үйлдэгчийг 71 настай зохиолч, улс төрийн идэвхтэн байсан гэж мэдээлсэн байна.
 
Удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа Словакийн ерөнхийлөгч Зузана Капутова нийгмийн талцуулсан улс төржилтийн улмаас ийм халдлага гарсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
 
Дотоод хэргийн сайд Эсток бас хэт улс төржилт, үзэн ядалтыг сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэвэргэсний үр дүнд халдлага болсныг анхааруулсан байна.
 
“Та нарын ихэнх нь энэ зөрчил, хурцадмал байдлыг дэвэргэж байсан хүмүүс” гэж тэрбээр хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлчдэд хэлжээ.
 
 
Словак улсын ерөнхий сайд Роберт Фико
Одоо 59 настай Роберт Фико өнгөрсөн оны есдүгээр сард болсон сонгуульд үндсэрхэг үзэлтэй хүчнүүдийн эвслийг тэргүүлэн өрсөлдөж, ялалт байгуулсан юм.
 
Түүний ерөнхий сайдаар ажилласан эхний хэдэн сар улс төрийн хувьд маш их маргаан тэмцэлтэй байлаа.
 
Энэ оны нэгдүгээр сард тэр Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийг зогсоосон бол өнгөрсөн сард Словакийн олон нийтийн телевизийг татан буулгаж байв.
 
Сүүлийн өдрүүдэд Словакийн олон мянган иргэн RTVS сувгийг татан буулгасан шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байгаа.
 
Фикогийн холбоотон, Словакийн ерөнхийлөгчөөр сонгогдоод хараахан тангараг өргөөгүй байгаа Петер Пеллегрини уг халдлагыг “Словакийн ардчилалд урьд өмнө тулгарч байгаагүй аюул занал” гэж тодорхойлжээ.
 
Дэлхийн улс орнуудын удирдагчид бас Фикогийн амь насанд халдах оролдлогыг буруутгасан мэдэгдэл гаргасан байна.
 
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден халдлагыг “аймшигтай хүчирхийлэл” гэж нэрлээд Братислав дахь өөрийн элчин сайдтай байнга холбоотой байж, Словакийн засгийн газарт туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
 
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “энэхүү аймшигт гэмт хэргийг зөвтгөх ямар ч аргагүй” гэж мэдэгдсэн байна.
 
Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель “ийм хүчирхийллийг юу ч зөвтгөж чадахгүй” гэж мэдэгджээ.
 
 
 
Эх сурвалж: BBC
Словак улсын ерөнхий сайд таван удаа буудуулж, хүнд шархаджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0