Австрали Улс саяхан Монгол Улсад болсон хүчтэй үерийн улмаас үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдээллийг тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас ирүүллээ.
250 мянган австрали доллар нь Монголбанкны өнөөдрийн албан ханшаар ойролцоогоор 556 сая төгрөг болж байна.
ЭСЯ "2023 оны долдугаар сарын 5-ны өдрөөс Монголд улирлын шинжтэй ширүүн бороо орж үер буусны улмаас зарим аймаг болон нэн ялангуяа Улаанбаатар хотод хамгийн их хохирол учирсан билээ.
Улмаар наймдугаар сарын 5-6-ны өдрүүдэд үргэлжлэн орсон ширүүн борооны уршгаас Улаанбаатар хотод буусан гэнэтийн хүчтэй үерт дөрвөн хүн амь насаа алдаж, зарим хороо дүүрэгт их хэмжээний хохирол учирч, үйлчилгээ тасалдсан байна. Австрали Улсын Засгийн газар үерийн улмаас хүний амь нас хохирч, дэд бүтэц, өмч хөрөнгө эвдэрч сүйдсэнд гүнээ харамсаж байна.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэйти Смит “Үерт ойр дотнын хүмүүс, гэр орон, амьжиргаагаа алдсан хүмүүстэй бид сэтгэл зүрхээрээ хамт байна.
Австрали, Монголын ард иргэд хүнд хэцүү үед бие биедээ тусалж ирсэн түүхтэй юм. Австрали Улс нь Монголын гуравдагч хөрш, үнэнч түншийн хувьд үерт нэрвэгдэгсдэд туслах, үерийн хор уршгийг арилгахад хамтран ажиллах болно” гэж хэлсэн.
Үерт нэрвэгдэгсдэд туслах арга хэмжээнд дэмжлэг үзүүлж буй Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН), Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн амын сангаар дамжуулан Австрали Улс хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх юм.
МУЗН үерт орон гэрээ алдсан айл өрхүүдэд хүнсний ба бусад нэн хэрэгцээт бараа хуваарилах, ОБЕГ ба бусад холбогдох байгууллагуудтай хамтран гамшгийн хохирлын үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тэдний санал хүсэлтийг хүлээн авах үйлчилгээг үзүүлж байна.
НҮБ-ын Хүн амын сан нь үерт орон гэргүй болсон эмэгтэйчүүд, охидын эрүүл мэнд, ариун цэврийг сахихад зайлшгүй шаардлагатай эрүүл ахуй, ариун цэврийн иж бүрдлээр хангана" гэв.
Австрали улс Монголд болсон үерийн гамшигт 250,000 австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв |
|