Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг болж байна
5 жил өмнө   447

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 62 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байхаар болж байна. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас санаачлан, Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Түүхий нүүрс хүний эрүүл мэндэд ямар хор уршиг үзүүлдэг талаар олон нийтэд мэдээлэл өгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилготой уг өдөрлөгт Эрүүл мэндийн яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НМХГ, ДЭМБ-ын төлөөллүүд оролцов. Энэ үеэр иргэд, олон нийтэд түүхий нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, өртөлтийн талаарх олон улсын болон дотоодын эрдэмтэд, судлаачдын гаргасан тайлан илтгэлийг танилцуулж, иргэн бүр хариуцлагатай хандаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх, зуухны төрөл, сонголт, хэрэглээний тухай сурталчлан таниулах мэдээлэл өгч байлаа.

Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Өнөөдөр Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлж байгаа түүхэн өдөр тохиож байна. Энэ шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  сайжруулсан түлшийг иргэдэд түгээх, борлуулах, зориулалтын агуулах барих мөн борлуулах цэгийг барих ажлыг хийж байгаа. Нийслэлийн зургаан дүүрэгт 1000 тонноос дээш агуулах барих ажил явагдаж байгаа. “Тавантолгой түлш” компанитай хамтраад  Улаанбаатар хотын 107 байршилд борлуулалтын цэг байгуулахаар ажиллаж байна. Нийслэлд түүхий нүүрс борлуулж байсан 533 цэг буюу иргэд, аж ахуй нэгжүүдтэй уулзсан. Тэдэнд бэлэн байгаа агуулах савыг нь ашиглаад, сайжруулсан шахмал түлшээ хадгалах зэргээр байгаа бүх боломжоо дайчлан, хамтарч ажиллах болсон” гэв.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Дэлхийн олон оронд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосон байдаг. Ингэснээр агаарын бохирдлын түвшин эрс багасаж, хүн амын дундах өвчлөл ч буурдаг учраас түүхий нүүрсийг хориглох нь зөв шийдэл юм. Түүхий нүүрсний шаталтаас үүссэн химийн хорт бодисын нэгдлээс амьсгалын замын өвчлөлүүд үүсдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. Эрүүл мэндийн салбарын хамт олон дуу хоолойгоо нэгтгэж түүхий нүүрсний хэрэглээг хориглох, үүнээс гарах сөрөг үр дагаврын талаар өнөөдөр ард иргэдэд мэдээлэл өгч, нүүрснээс татгалзахыг уриалж байна” хэмээн өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 
Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг болж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0