Ус, ундааны хуванцар савыг хэдхэн цагийн дотор бүрэн задалж чаддаг энзимийг бүтээснээ хэсэг эрдэмтэд зарлажээ. Шинэ нээлтийн тухай мэдээлэл өчигдөр “Nature” сэтгүүлд нийтлэгджээ.
Энзим нь ямар нэг химийн урвалыг үүсгэх чадвартай, амьтны гаралтай бодис юм. Францын Carbios компанийн судлаачид уг энзимийг навчны бордоонд байдаг нянгаас гаргаж авсан байна. Өнөөдрийн түвшинд хуванцарыг дахин боловсруулсны үр дүнд гутал, шалавч мэтийг үйлдвэрлэх түүхий эд гаргаж чадаж байна. Харин Carbios компанийн технологийг ашигласнаар хуванцарыг химийн үндсэн элементүүдийн түвшинд хүртэл нь задалж, буцаагаад сайн чанарын хуванцар сав үйлдвэрлэх боломжтой болжээ.
Өөрөөр хэлбэл дахин боловсруулалтыг төгс гүйцэтгэх боломж нээгдэж байна.
Carbios компани энэ төслийнхөө хүрээнд Pepsi, L’Oreal зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллажээ. Анх төслийг 100,000 орчим бичил организмийн боломжийг судлах ажлаас эхэлсэн байна. Илрүүлсэн энзимийнхээ ус ундааны саванд ашигладаг PET төрлийн хуванцрыг задлах чадварыг сайжруулахын тулд мутацид оруулжээ. Ингэж гаргаж авсан шинэ энзимээ туршихад нэг тонн хуванцар савыг 10 цагийн дотор 90 хувь хүртэл нь задалсан байна. Задлахад үүссэн материалыг ашиглаад хүнсний зориулалттай сайн чанарын хуванцар сав бүтээж чаджээ.
Carbios компани таван жилийн дотор энэ технологио үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэж чадна гэж амлаж байна.
Эх сурвалж: The Guardian
Эрдэмтэд хуванцар савыг бүрэн задалж чаддаг энзим бүтээжээ |
|