Их Британийн Лондон хотод амьдардаг Монгол ах дүүс коронавирусийг устгах даалгавар гүйцэтгэдэг гар утасны тоглоом бүтээжээ. 11 настай Л.Сансар болон 9 настай Л.Өлзийт нар хөл хорионы үеэр гэртээ байх хугацаандаа "2020 AR War" гэх тоглоомыг бүтээсэн ба Pixel-Ed Gaming сайтыг үүсгэн байгуулсан байна.
Ах Л.Сансар нь код бичиж, тоглоомын дизайныг бүтээдэг бол дүү Л.Өлзийт нь график дизайны нарийвчилсан хэсгүүд дээр ажилладаг байна. Лондон хотын Зүүн-өмнөд хэсэгт байрлах "London Borough of Merton" сургуульд сурдаг хөвгүүд сайтынхаа Фейсбүүк хуудсанд "Сүүлийн үед бүх сургууль хаагдаж бид сургуульдаа явж чадахгүй болсон. Вирус харагдахгүй учир их аюултай бөгөөд олон хүний аминд хүрч байгаа нь үзэн ядмаар. Тиймээс бид коронавирусийг устгаж болох бодит байдлыг өргөтгөсөн тоглоом бүтээхээр шийдсэн" гэж бичжээ.
Мөн тэд тоглоомд гар угаахыг зөвлөсөн сануулга байрлуулсан ба "Эрдэмтэд өвчний эсрэг вакцин хийхээр маш их хичээж буй. Энэ хугацаанд бид зүгээр л хүлээж, аюулгүй байж, тоглож байж болно. Тэднийг вакцин бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Гэртээ үлдэж аюулгүй байгаарай. Тоглоомыг татаж аваад гэр бүлээрээ хөгжилдөөрэй" хэмээжээ.
Монгол ах дүүсийн бүтээсэн тоглоомыг
App Store-оос үнэгүй татаж болох ба хэрхэн тоглох зааврыг эндээс харах боломжтой.
Монгол ах дүүс коронавирусийг устгах даалгавар гүйцэтгэдэг гар утасны тоглоом бүтээжээ |
|