Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Израилийн агаарын довтолгоонд “Al Jazeera”-гийн сэтгүүлч Анас аль-Шариф амиа алдав
5 сар өмнө   321
2025 оны 8-р сарын 10-нд Израиль Газын хотод агаарын цохилт хийж,  цохилтод “Al-Shifa” эмнэлгийн гаднах сэтгүүлчдэд зориулсан майхан өртсөн байна. Уг довтолгооны улмаас “Al Jazeera”-гийн сэтгүүлч Анас аль-Шариф дөрвөн хамтрагчийн хамтаар амиа алджээ.
 
Анас аль-Шариф нь 2025 оны 1-р сард Газад гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлэх үед шууд нэвтрүүлгийн үеэр хамгаалалтын хэрэгслээ хэсэг хэсгээр нь тайлж, баяр хөөртэй олон түмний алга ташилт дунд онцгойлон танигдсан юм. Тэр мөчийг 2 сая палестинчуудын зовлон шаналал дуусах эхлэл хэмээн найдаж байв.
 
Газын хамгийн нэртэй палестин сэтгүүлчдийн нэг, мөн дайны үеэр Израилийн гарт амиа алдсан олон арван сэтгүүлчдийн нэг болсон түүний үхэл нь олон улсын түвшинд өргөн хэмжээний буруушаал, хариуцлага нэхсэн дуу хоолойг бий болголлоо. 
 
Израиль олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Газын зурваст нэвтрүүлэхийг хориглосон энэ үед Аль-Шариф мөргөлдөөний бодит дүр зургийг дэлхий дахинд хүргэж байсан юм. Тэрээр богино хугацааны гал зогсоох хэлэлцээр, Израилийн барьцаалагдсан хүмүүсийн суллагдах мөч, өлсгөлөнгийн эмгэнэлт дүр зураг зэрэг мөргөлдөөний чухал үйл явдлуудыг газар дээрээс нь сурвалжилж байв.
 
“Al Jazeera” түүнийг 2023 оны 12-р сард ажилд авчээ. Энэ нь Жабалия хотод болсон Израилийн цохилтын бичлэг нь сошиал сүлжээнд түгснээс хойш болсон хэрэг. Анх мэргэжлийн зураглаач байсан тэрээр камерт гарахаас зайлсхийдэг байсан ч хамтран ажиллагсдын ятгалгаар өөрөө сурвалжлагаа хөтөлж эхэлсэн бөгөөд үүнийг “үгээр илэрхийлэхийн аргагүй” туршлага гэж тодорхойлж байв.
 
“Би нутаг дэвсгэрийнхээ телевиз ч гарч үзээгүй байж, олон улсын сувагт ч гарна гэж бодож байгаагүй” хэмээн тэр 2-р сард Sotour хэвлэлд ярьжээ. “Хамгийн их баярласан хүн бол миний талийгаач аав байсан.” Гэвч “Al Jazeera”-д гарч эхэлснээс удаагүй байтал түүний аав Жабалияд болсон Израилийн агаарын цохилтод өртөн амиа алджээ.
 
Хоёр хүүхдийн эцэг тэрээр ажилд орсноосоо хойш бараг өдөр бүр сувгаар нэвтрүүлэг хийж байв. “Бид (сэтгүүлчид) эмнэлэгт, гудамжинд, тээврийн хэрэгслүүдэд, түргэн тусламжийн машинд, нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн байр, агуулах, нүүлгэн шилжүүлсэн иргэдтэй хамт унтдаг байсан. Би 30-40 өөр газарт хонож байлаа” гэж тэр ярьсан байна.
Израилийн агаарын довтолгоонд “Al Jazeera”-гийн сэтгүүлч Анас аль-Шариф амиа алдав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0