Дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ ба БНХАУ-ын хооронд худалдаа, тарифын маргаан дахин хурцдаж, олон улсын зах зээлд тодорхой бус байдлыг үүсгээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас импортлогдох зарим төрлийн бараанд 100 хувь хүртэл нэмэлт тариф ногдуулах санал гаргаснаа зарлаж, “Америкийн аж үйлдвэрийг хамгаалах бодлогоо эрчимжүүлнэ” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр “Хятад улс шударга бус худалдааны практик хэрэглэсээр байгаа тул хатуу арга хэмжээ авах шаардлагатай” аж.
Харин Хятадын Гадаад хэргийн яам энэхүү алхмыг “эдийн засгийн дарамт” хэмээн тодорхойлж, АНУ-ын шийдвэр нь дэлхийн худалдааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж анхааруулсан байна. Хятад тал мөн ховор элемент болон өндөр технологийн түүхий эдийн экспортод хязгаарлалт тавьж, үүнийг “үндэсний аюулгүй байдлын бодлого” хэмээн тайлбарлаж байгаа юм.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр улсын худалдааны хурцадмал байдал нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг дахин өөрчилж, хөгжиж буй орнуудын эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй байна. АНУ болон Азийн хөрөнгийн биржүүдэд технологийн компанийн хувьцааны үнэ унаж, хөрөнгө оруулагчид тогтворгүй байдалд болгоомжилж буйг ажиглажээ.
Өнгөрсөн тавдугаар сард талууд 90 хоногийн хугацаатай түр хэлэлцээр байгуулж, тарифыг хэсэгчлэн бууруулсан ч бодит шийдэлд хүрээгүй юм. Одоогоор Вашингтон болон Бээжингийн харилцаа дахин хурцдаж, дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.
АНУ–Хятадын худалдааны зөрчил дахин хурцдав |
|