Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН БАЙРШЛЫГ МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГТ БАЙРШУУЛСАН ТӨСЛИЙГ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ
5 жил өмнө   825

Барилгын материалын зориулалттай эрдэс түүхий эдийн ордын илэрцүүд, барилгын материалын үйлдвэрүүдийн байршлыг Монгол Улсын газрын зураг дээр байршуулах төслийг БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвийн захиалгаар “Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-аас Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн хэлтсийн баг хамт олонтой хамтран хийж гүйцэтгэж, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд гардуулан өглөө. Барилгын материалын үйлдвэрүүдийн байршил бүхий газрын зургийг гардуулан өгөх үйл ажиллагаанд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БХБЯ-ны ББМБХЗГ-ын дарга Б.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, МБМҮХ ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж, Н.Оч тэргүүтэй хүмүүс оролцсон.

“МБМҮХ” ТББ-аас улсын хэмжээний барилгын материалын орд илэрцүүд, барилгын материалын үйлдвэрүүдийн байршлыг өөрсдийн суурь судалгаа болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ашигт малтмал газрын тосны газраас 2018 онд боловсруулсан судалгааны материалууд дээр түшиглэн уг зургийг хийж гүйцэтгэжээ. Мөн Нийслэлийн байгаль орчны газар, ХХААХҮЯ, “Элс хайрга үйлдвэрлэгчдийн холбоо”, “Зам барилгын дүүргэгч материал үйлдвэрлэгчдийн холбоо”, “Хөөсөнцөр хавтан үйлдвэрлэгчдийн холбоо”, “Цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбоо” зэрэг мэргэжлийн байгууллага, салбар хороодоос нэмэлт саналыг авч газрын зурагт мэдээллийг баяжуулж ажилласан байна. Барилгын материалын үйлдвэрүүдийн судалгаанд Улаанбаатар хотоос 554, орон нутгаас 501 нийтдээ энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 1055 аж ахуйн нэгж хамрагдсан гэдгийг төслийн багийнхан онцолсон юм.

Түүнчлэн МБМҮХ ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж энэ үеэр, “Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар цемент, угсармал бетон хийц, түүний дүүргэгч, тоосго, хөнгөн бетоны үйлдвэрийн тоо, хүчин чадал хангалттай байна. Харин дотооддоо бага хэмжээгээр үйлдвэрлэдэг арматур, модон хаалга, эрдэс хөвөн, шохой, модны төрлийн хавтангууд, дээврийн материалыг импортлох замаар эрэлтийг хангах шаардлагатай байна. 2019 он байдлаар давхардсан тоогоор нийт 730 аж ахуй нэгж барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан. Эдгээр аж ахуй нэгжүүдээс зөвхөн 2019 онд 120 аж ахуй нэгжийн 430 нэрийн бүтээгдэхүүн тохирлын баталгаажуулалтад хамрагдаж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байна” гэх мэдээллийг БХБЯ-нд өгсөн юм.

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН БАЙРШЛЫГ МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГТ БАЙРШУУЛСАН ТӨСЛИЙГ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0