Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Илон Маск өөрийн орон байргүй, найзуудынхаа гэрээр байрладаг тухай ярьжээ
2 жил өмнө   419
Дэлхийн хамгийн баян хүн болох Америкийн тэрбумтан Илон Маск өөрийн эзэмшлийн орон гэргүй гэнэ.
 
“Яг одоо миний өмчийн байр гэж байхгүй, найзуудынхаа гэрээр амьдарч байна. Теслагийн инженерийн албадын ихэнх нь байрладаг баруун эрэгт очих бол би найзуудынхаа гэрийн сул өрөөнүүдэд ээлжилж буудаг” гэж тэр TED уулзалтыг зохион байгуулагч Крис Андерсонтой хийсэн видео ярилцлагадаа өгүүлжээ. Уг ярилцлага Даваа гарагт нийтлэгдсэн байна.
 
Тэрбээр сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод буй тэрбумтнуудын амьдралын хэв маяг, татвар төлөлтийн асуудлаар Андерсонтой ярилцахдаа энэ тухай өгүүлсэн юм.
 
“Мэдээж хэрвээ би жил бүр олон тэрбумыг хувийн хэрэгцээндээ зарцуулдаг бол энэ нь маш олон асуудал үүсгэх байлаа. Харин миний хувьд тийм биш. Хувийн онгоцтойг эс тооцвол миний хэрэглээ тийм өндөр биш. Цагаа хэмнэхэд онгоц ашиглах зайлшгүй хэрэгтэй байдаг” гэж Маск ярьжээ.
 
Тэнгисийн хөлөг (яхт) эзэмшдэггүй, амралт зугаалгаар явж байгаагүйгээ тэр бас ярьсан байна.
 
2020 оны тавдугаар сард Маск бүх үл хөдлөх хөрөнгөө зарж, хувийн орон байргүй болох төлөвлөгөөг твиттер хуудсаараа зарлаж байсан юм.
 
2021 оны наймдугаар сард түүнийг SpaceX компанийн түрээсэлсэн $50,000-ын үнэтэй жижиг угсармал сууцанд амьдарч байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байжээ.
 
Саяхан Vanity Fair сэтгүүлд Маскийн найз бүсгүй Граймс түүнийг заримдаа “ядуурлын түвшинд амьдардаг” тухай ярьсан байна.
 
Нэг жишээ дурдахад унтдаг орных нь матрас цоороход Маск шинийг авахаас татгалзаж байжээ.
 
2015 онд Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйж түүнийг хааяа Цахиурын хөндийд ирэхээсээ өмнө “Өнөөдөр хаана хоноглохоо мэдэхгүй байна. Танайд очиж болох уу?” гэж имэйлээр асуудгийг ярьж байсан юм.
 
Блүүмбэргийн тооцоолсноор Илон Маскийн хөрөнгийн хэмжээ сүүлийн байдлаар $251 тэрбумтай тэнцэж байна.
 
 
 
Эх сурвалж: Business Insider
Илон Маск өөрийн орон байргүй, найзуудынхаа гэрээр байрладаг тухай ярьжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0