Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ж.Азжаргал:Талийгаач охин удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол нийгмийн ажилтанд хариуцлага тооцно
4 жил өмнө   394
Хойд эцгийнхээ хүчирхийллийг даалгүй амиа алдсан 9-н настай охины асуудлаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргалаас тодрууллаа.
 
-Талийгаач охин хүчирхийлэлд өртөж байсан талаарх мэдээллийг өгөхгүй юу. Хүчирхийлэлд өртдөг байсан эсэхийг та бүхэн мэдээгүй байсан юм уу? 
 
-Есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарлаа. Өмнө нь 2018 оны арваннэгдүгээр сард тухайн охин алга болсон талаар дуудлага хүүхдийн тусламжийн утсанд ирж байсан. Ингээд хоёр цагийн дараа эцэг эхээс нь дахин мэдээлэл ирж "Хүүхэд маань хөдөө байгаа эмээтэйгээ утсаар ярихаар гарсан байсан байна" гэх мэдээллийг өгч байсан. Мөн гараа хугалаад ГССҮТ-өөр эмчлүүлж байсан. Түүнчлэн хавирга нь хугараад бороолоод эдгэж байсан тухай мэдээллийг өгч байсан тухай мэдээлэл байна. Тухайн үед ээж нь "Тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтээсэн гэж мэдүүлж байсан байна. Тиймээс ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. БЗД-ийн ГБХЗХ-ийн хэлтэс дээр талийгаач охин хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл бүртгэгдээгүй. Одоо холбогдох бүх байгууллага, мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулах ажил хийгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл гарч байгаа. 
 
-Хүүхдийг хүчирхийлэлд өртөж байсныг багш, нийгмийн ажилтнууд нь өдий хүртэл мэдээгүй байсан гэнэ. Ийм асуудлыг яах вэ? 
 
-Хуулийн дагуу бол хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхэд хүн бүр анхаарал хандуулж, хүчирхийлэлд өртөж байгаа шинж тэмдэг ажиглагдвал, хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Ингээд хүчирхийлэлд өртөж байгаа нь тогтоогдож, хүчирхийлэгч нь нэг гэрт байгаа тохиолдолд 7 хүртэлх насны хүүхдийг шууд гэр бүлээс нь тусгаарладаг бол, 7-оос дээш насны хүүхдийн саналыг сонсож тусгаарлах эсэхийг шийдвэрлэдэг. Талийгаач охины хувьд удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол нийгмийн ажилтанд хариуцлага тооцох арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай.
 
-Талийгаач охин 12 настай хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ асардаг байсан гэсэн мэдээлэл байгаа. Есхөн настай охин өөрөө эгчийгээ асарна гэдэг чинь хүчирхийллийн нэг хэлбэр шүү дээ? 
 
-Энэ бол хэвлэлээр гарсан мэдээлэл. Бид шалгаж байна. Ажлын хэсэг байгуулагдаад шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас шалгалт дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн талийгаач охиныг хөгжлийн бэрхшээлтэй байсан гэх ташаа мэдээлэл цацагдаад байна. Охины 12 настай эгч нь хөгжлийн бэрхшээлтэй, хоёр настай эрэгтэй дүүтэй. Ээж нь жирэмсэн. Хүн бүр өөр өөрийнхөөрөө буруу ташаа мэдээлэл гаргамааргүй байна. Гаргасан ташаа мэдээлэл бүрийн араас бид залруулга мэдээлэл хийгээд байх боломжгүй. 
 
Н.Отгонтуяа
Ж.Азжаргал:Талийгаач охин удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдвол нийгмийн ажилтанд хариуцлага тооцно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0