Цөөн үгээр:
  • Ачаа барааг чингэлэг тээврээр татан авна
  • Беларусь улс ойрын холбоотон Оростой хамтарч Украины өмнөд хил дээр цэргийн сургуулилалт хийхээ мэдэгджээ.
Их Британийн парламентын гишүүнийг эртнээс төлөвлөн хөнөөжээ
2 сар өмнө   171
Их Британийн парламентын гишүүн Дэвид Эмесс өнгөрсөн Баасан гариг (2021.10.15)-т халдлагын улмаас амиа алдсан. Түүнийг Эссекс гүнлигийн зүүн өмнөд хэсэгт орших Ли-Он-Си хотын сүмд депутатын хүлээн авалт хийж, сонгогчидтойгоо уулзах үеэр хутгалж амийг нь хөнөөжээ.
 
Гэмт этгээд энэхүү халдлагыг эртнээс төлөвлөж үйлдсэн талаар “Mail on Sunday” сонин Ням гариг (2021.10.17)-ийн дугаартаа мэдээлсэн байна. Их Британийн тагнуулын албаны эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Дэвид Эмессийг Английн Ли-он-Си (Эссекс гүнлиг) хотод очно гэдгийг мэдмэгцээ Лондоноос галт тэргээр тийш очжээ.
 
Скотланд Ярд "Гэмт хэргийг исламын хэт даврагч үзэлтнүүд үйлдсэн байж болзошгүй" гэж мэдээлж, тус халдлагыг “террорист үйлдэл” хэмээн зарласан байна. Энэ хэргийг Скотланд Ярдын терроризмтой тэмцэх алба, Эссекс гүнлигийн цагдаа, Зүүн Английн цагдаагийн тусгай хүчин хамтран шалгаж эхэлжээ.
 
Цагдаа нар энэ хэргийг Сомали гаралтай Их Британийн иргэн, 25 настай Али Харби Али гэгч ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа аж. “The Times” сонинд Их Британийн засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлснээр, гэмт хэрэгтэн тусгай албаны хараа хяналтад байдаггүй байна. Гэвч хэдэн жилийн өмнө радикал үзэл бодлоо илэрхийлснээрээ цагдаагийн анхааралд өртөж байсан аж.
 
“The Times” сонинд бичсэнээр, Британийн тагнуулын албанаас парламентын гишүүний амийг хөнөөсөн энэ халдлага нь бусад ганцаардсан хэт даврагчдыг нийгмийн нэрт зүтгэлтнүүд рүү халдахад хүргэж болзошгүй гэж болгоомжилж буй юм байна.
 
Мөн сонинд “Алуурчны аав Лондонд амьдардаг Сомалийн Ерөнхий сайдын зөвлөх хийж байсан” гэж бичжээ. Гэмт этгээдийн эцэг Харби Али Куллан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Болсон явдлын улмаас сэтгэлээр унаж байна. Би ийм зүйл хүлээж байсангүй, үүнийг төсөөлж ч чадахгүй байсан” гэж өгүүлсэн байна.
 
“Mail On Sunday” сэтгүүлд бичсэнээр, гэмт этгээд Их Британийн нийслэлийн өндөр өртөгтэй, нэр хүндтэй бүсэд амьдардаг байжээ. Бямба гаригт цагдаагийнхан Лондонд гэмт этгээдийн амьдарч байсан болон очсон гурван хаягаар явж нэгжлэг хийсэн байна.
 
 
 
Парламентын гишүүдэд халдсан тохиолдлууд
 
Их Британийн эрх баригч Консерватив намын депутат Эмесс Баасан гаригт Зүүн Английн Ли-Он-Сиид сүмийн сонгогчидтой уулзах үеэр халдлагад өртсөн. Өдгөө 69 настай түүнийг 17 удаа хутгалжээ. Эмч нар хэргийн газарт яаралтай ирж, тусламж үзүүлсэн ч удалгүй нас баржээ. Алуурчин хэргийн газарт цагдаа нарын ирэхийг хүлээж байсан бөгөөд хууль сахиулагчдын эсрэг ямар нэгэн эсэргүүцэх оролдлого гаргаагүй аж.
 
Амессийн амь насыг хөнөөсөн үйлдэл нь хэт барууны үзлийг дэмжигч Томас Мэйр Их Британийг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэхийг дэмжиж байсан, сөрөг хүчний Хөдөлмөрийн намын гишүүн Жо Коксыг хөнөөснөөс хойш буюу 2016 оноос хойш үйлдэгдсэн анхны аллага болжээ. 
 
2000, 2010 онд Либерал ардчилсан намын гишүүд болох Найжел Жонс, Стивен Тиммс нар руу халдсан аж. Халдлага үйлдсэн этгээдүүд тэднийг тойргийн сонгогчидтойгоо уулзах үеэр иртэй зэвсэг ашиглан хөнөөхийг завджээ. Тиммс хэвлийн тус газраа хоёр удаа хутгалуулсан бол Жонс самурай сэлэмний хүнд шарх авсан аж. Тэд хоёул амьд үлдсэн бөгөөд парламентад үргэлжлүүлэн ажиллаж байжээ. Их Британийн парламентын гишүүд, түүний дотор танхимын сайд нарын дийлэнх нь байнгын хамгаалагчгүй байдаг аж.
 
Дэвид Амесс нь Их Британийн парламентын гишүүнээр 40 орчим жил ажиллажээ. 2015 онд тэрбээр рыцарийн зэрэг хүртсэн байна. Амессын католик шашинтай нь түүний улс төр, нийгмийн үзэл бодлоор илэрхийлэгддэг байсан аж. Тодруулбал, тэр үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцдэг нэгэн байжээ.
 
Вестминстер дэх Гэгээн Петрийн сүмд Дэвидийг дурсах цуглаан болсон байна. Мөн гашуудлын тэмдэг болгож Даунинг гудамжин дахь Их Британийн Ерөнхий сайдын өргөөн дээрх төрийн далбааг бөхийлгөжээ. Ерөнхий сайд Борис Жонсон дэлхийн улс төр дэх хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүсийн нэгд тооцогддог Дэвид Эмесс амиа алдсаныг сонсоод ихэд цочирдож, гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
 
Эх сурвалж: TIMES, TASS, BBC
Их Британийн парламентын гишүүнийг эртнээс төлөвлөн хөнөөжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0