Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү нь оршин суудгаас гадна соёл, нийгэм, эдийн засгийн цохилох зүрх юм. Нийслэл хотод гарц, шийдлээ хүлээсэн түмэн асуудал бий ч 2030 оноос ундны усны хомсдолд орно гэсэн эрдэмтдийн тооцоолол саяхныг болтол аюулын харанга дэлдэж байв. Нүүдэлчин соёл иргэншилтэй, байгаль дэлхийгээ энэрэн хайрлах эртний баялаг уламжлалтай монголчууд ус бол амьдралын эх үндэс гэж үздэг. Ус үгүй бол амьдрал үгүй. Тиймээс социалист нийгмийн үед ч “Дуслыг хураавал тонныг хэмнэнэ” гэх зэргээр усны үнэ цэнийг тодорхойлж, хэмнэх, гамнахыг уриалсаар ирсэн нь санамсаргүй хэрэг огт биш юм.
Эдүгээгийн Улаанбаатар хотод агаарын бохирдол, замын түгжрэл гэх мэт шийдлээ хүлээсэн олон асуудал шил шилээ дардаг ч амьдралын эх ундарга болсон ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг баталсан төсөв, төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжүүлж дууслаа. Монгол, АНУ-ын ард түмний татварын мөнгөөр хамтран хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөр улсын нийслэл лавтай 100 жилийн хугацаанд усны хомсдолоос “аварч”, Усны Компакт гэрээний үр дүнг маш товчоор илэрхийлбэл айдгаа авдартаа хийгээд авлаа.

Компакт гэрээний нэг онцгой нөхцөл нь төсөл нэг өдрийн илүү ч үгүй, дутуу ч үгүй, яг таван жилийн хугацаанд хэрэгжих ёстой байдаг. 2021 онд энэ хөтөлбөрийг эхлүүлж байх цаг үед дэлхийд “Ковид-19” цар тахал эрчимтэй тархаж, хатуу хөл хориотой байв. Улс орнуудын зөрчил мөргөлдөөн, байгалийн гамшигт үзэгдлүүд ар араасаа болж байлаа. Ажил урагшлуулахад амаргүй цаг үе. Гэхдээ энэ хөтөлбөр тийм хүнд цаг үед ч зогсоогүй юм. Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газар хамтран 461.8 сая ам.доллароор санхүүжүүлснээс 350 сая нь АНУ-ын буцалтгүй тусламж, 111.8 сая хүртэл ам.доллар нь Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн хөрөнгө оруулалт байсан.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Гадаад тусламжийн санхүүжилтийг хянан үнэлэх” зарлигтай холбогдуулан Мянганы сорилтын корпорацаас дэлхийн 47 оронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан ч төд удалгүй төлөвлөсөн ёсоор санхүүжүүлэн дуусгах шийдвэрээ гаргасан. Ази тивд хөтөлбөрөө үргэлжлүүлсэн нь, бусад улс оронд жишиг болохуйц үр дүнтэй, гүйцэтгэлтэй гэж үнэлүүлсэн цорын ганц улс нь Монгол байсан нь бахдалтай. Хоёр орны ард түмнүүдийн эв нэгдэл, энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн бүх хүний хөдөлмөрийг энд дурдах ёстой.
Тулсан сорилтуудыг туулаад гарсан өнгөрсөн 5 жилд бид яг юутай болсон бэ. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын ус хангамжийг Ус сувгийн удирдах газар долоон эх үүсвэрээс олборлон нийлүүлдэг байв. Усны Компактын хүрээнд үүн дээр нэмж шинээр найм дахь эх үүсвэрийг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт барьж байгуулан хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар жилд 50 сая шоо метр ус олборлож, цэвэршүүлээд, төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх боломжтой боллоо. Ингэснээр энэ төсөл нийслэлийн иргэдийн нийт усны хангамжийг хоёр дахин нэмж чадсан гэсэн үг.
.jpg)
Хоёрдугаарт, Хаягдал ус дахин боловсруулах төслөөр гүний цэвэр усны эрэлтийг тодорхой хэмжээгээр бууруулна. ДЦС-ууд хөргөлт, угаалга цэвэрлэгээ, үнс зайлуулах зориулалтаар жилд 20 гаруй сая шоо метр гүний усыг ашигладаг. Үүнээс 18 сая хүртэл шоо метрийг нь дахин боловсруулсан усаар орлуулах боломжийг Хаягдал ус дахин боловсруулах төсөл олгож байна. Энгийнээр илэрхийлбэл 18 сая орчим шоо метр гэдэг бол литрээр 18 тэрбум литр гэсэн үг. Үүнийг хүн бүрийн мэддэг 0.5 литрээр савласан цэвэр усаар дүйцүүлбэл 36 тэрбум ширхэгтэй тэнцэнэ. Шинэ Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлээд байгальд нийлүүлэх уснаас өдөрт 50 мянган шоо метрийг нь Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт боловсруулан, ДЦС-уудад дээрх зориулалтаар нийлүүлнэ. Тэгэхээр жилд энэ хэмжээний цэвэр ус газрын гүндээ үлдэнэ, нөөц дундрах биш хэмнэгдэнэ.
Гуравдугаарт, Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгаснаас үзвэл 2040 он гэхэд нийслэлийн хүн ам 2.3 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд заасан чиг хандлагатай нийцүүлэн эрдэмтдийн хийсэн тооцоо, судалгаагаар Компакт гэрээ хэрэгжсэнээр 30 жилийн хугацаанд 11 орчим хувийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж дүгнэсэн байдаг. Эдийн засагт үзүүлэх эерэг энэ үзүүлэлтээс харахад Улаанбаатар хот цаашид хөгжих, тэлэх, өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах, байгаль орчинд ээлтэй технологид шилжих, усыг хэрэглэхээс гадна хэмнэх цоо шинэ он цаг руу итгэл төгс алхан орж байна. Энэ бол усны менежментийн хувьд үсрэнгүй дэвшил гэж мэргэжилтнүүд тодорхойлсон.
Улаанбаатар хотынхон ус уух хувьтайгаа үлдлээ. 2030 оноос бодитоор нүүрлэх байсан усны хомсдол үгүй болов. Бид ирээдүйн хэдэн арван жилд санаа амар амьдрах нөхцөл бүрдсэн нь Монгол-Америкийн ард түмний хамтдаа бүтээсэн үнэт өв, стратегийн ач холбогдол бүхий мега төсөл болон түүхэнд бичигдэнэ. Компакт хөтөлбөрийн хүрээнд монголчууд Ус гүн цэвэршүүлэх, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй болчихлоо. Цаашид яах вэ? Хамгийн орчин үеийн техник технологиор тоноглогдсон эдгээр үйлдвэрийг цааш авч явах нь бидний гэрийн даалгавар. Үүнийг ч анхнаасаа бодож, нарийн төлөвлөсөн учир усны салбарын мэргэжилтнүүд, инженер, техникийн ажилтнуудыг өндөр хөгжилтэй оронд чадавхжуулах сургалтад удаа дараа хамруулжээ. Ус сувгийн удирдах газар болон Нидерландын вант улсын ус ашиглалтын байгууллагуудын хооронд түншлэл тогтоож, давхардсан тоогоор 184 инженер, техникийн ажилтныг туршлага судлуулж, сургалтад хамруулсан байна. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг ачаа үүрэх мэргэжилтнүүдийг бэлтгэхээс эхлээд бодлого, зохицуулалт, институцийн чадавхаа сайжруулах, усны үйлчилгээнд цахим засаглалыг нэвтрүүлэх зэрэг зөөлөн дэд бүтцээ ч бэлдээд авсан нь энэ удаагийн Компакт гэрээнээс монголчуудад ирсэн том хожил гэлтэй.

Хот, суурин газрын ус хангамжийн үйлчилгээний өртөг, үнэ цэн гэдэг байгаль дээр жамаараа урсаж байгаа уснаас огт өөр асуудал. Бидний тэр бүр анзаардаггүй, байх л ёстой зүйл мэт хүлээн авдаг усны үйлчилгээг хүргэхийн тулд ямар хэмжээний зардал гардаг, хэчнээн хүний хүч хөдөлмөр ордог вэ гэдгийг олон нийт төдийлөн мэддэггүй байх. Буруутгах арга байхгүй. Суурин соёл бол бидний хувьд шинэ зүйл шүү дээ. Гэхдээ өгүүллийн эхэнд дурдсан “Дуслыг хураавал тонныг хэмнэнэ” гэх үгийн үнэ цэн одоо ч хуучраагүй. Булаг шанд, усны эхийг булингартуулдаггүй байхаас авахуулаад бидний язгуурын соёлд усыг дээдлэх, гамнах, хэмнэх дадал нэвт шингээстэй бий. Усыг амьдралын эх булаг, “Чандмань эрдэнэ” гэх атлаа “Хар ус” гэх хоёр нүүрт хандлагаа одооноос өөрчилье. Ус үнэтэй, бас хэмжээтэй. Улаанбаатар хотынхон ус уух хувьтайгаа харуулж усны гачлангаа хэдэн арван жилээр гэтэлж чадсан юм чинь одоо нүүдэлч удмын генд оршиж байгаа усаа хайрлах өв соёлоо эргүүлэн сэрээцгээе.
Б.ТҮВШИНТӨГС
| Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ |
|