Цөөн үгээр:
  • Оросын цорын ганц тээвэрлэгч хөлөг найдваргүй болсон тул Хятадаас хуучин хөлөг авах асуудал яригдаж эхлэв
  • Малаа хотлуулах гэж гараад төөрсөн зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ
Г.Тэмүүлэн: Алдагдал, өр зээлгүй төсөв баталдаг болох, гадаад өр зээлтэй холбоотой үр ашиггүй зардлын асуудалд цэг тавих цаг нь болсон байна.
2 долоо хоног өмнө   194
Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооноос бэлтгэн боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьжээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон бусад гишүүд төсвийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд төсвийн төлөвлөлт, ил тод байдал, сахилга бат, хяналт хариуцлагыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьж буйгаа мэдэгдэв. 
 
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
 
-УИХ-ын Төсвийн байнгын хороо болон УИХ-ын гишүүд сүүлийн дөрвөн сарын хугацаанд төсвийн шинэчэлийн хүрээнд дөрвөн том бодлогыг дэвшүүлж, энэ хуулийн төслийг өргөн барьж байна. Нийтдээ төсвийн хүрээнд 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Тэр дундаа манай төсвийн гол “Үндсэн хууль” болох Төсвийн тотвортой байдлын тухай хууль болон Ирээдүйн өв сангийн тухай хууль, Өрийн удирлагын тухай хууль зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна
Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг нийт 31 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Энэ өргөн барьж буй хуулийн төслүүд нь 2023 оны төсвийг батлахад УИХ-аас олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн. Тэндээс ард иргэдийн гаргасан саналууд бий. Мөн сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд төсөв санхүү, эдийн засгийн чиглэлийнхэн, эрдэмтэн судлаачдын гаргасан санал, хүсэлт, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай бүхий л байгууллага, УИХ-ын түвшинд, иргэдийн ярьж буй асуудлуудыг гарган тавьж, гарц шийдлийг нь олж шийдвэрлэхийн төлөө хийж буй хуулийн төсөл.
Магадгүй сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бидний мөрөөдлийн жагсаалтыг төсвийн шинэчлэлийн бодлого болгон гаргаж ирэх чиглэл барьж байна. Нэг талаар төсвийн ил тод байдлыг хангах, Ирээдүйн өв сангийн хуримтлалыг улсын төсвөөс бодитоор бий болгох, алдагдал, өр зээлгүй төсөв баталдаг болох, мөн гадаад өр зээлтэй холбоотой үр ашиггүй зардлын асуудалд цэг тавих цаг нь болсон байна. Том зургаараа улс орны эдийн засаг, аюулгүй байдал, урт хугацааны тогтвортой байдлыг хангахын тулд бид цаашдаа төсвийн өр, зээлийн хязгаар, түүнийг хэлбэрэлтгүй сахин мөрддөг байх, Тогтвортой байдлын тухай хуульд гар хүрдэггүй байх зохицуулалтуудыг оруулж өгч байгаагаараа онцлог байна.
Энэ хуулийн төслүүд төсвийн тогтвортой байдлын бодлого, төсвийн төлөвлөлтийн бодлого, төсвийн хариуцлага, хяналтыг сайжруулах тухай бодлого, гадаад зээл, өрийг хязгаарлах тухай бодлого гэсэн дөрвөн бодлогын хүрээнд зохицуулагдаж орж ирж байна.
 
УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:
 
-Сүүлийн олон парламентаар төсвийн шинэчлэлийг дорвитой хийх хэрэгтэй гэж ярьсан. Ялангуяа төсөв Засгийн газраас өргөн баригдаад орж ирсний дараа УИХ-ын 76 гишүүн өөрийнхөө 76 тойрогт тааруулж төсвийг өөрчилдөг, бидний ярьдгаар жалга довын үзлээр ханддаг. Монгол Улсын хөгжлийн нэгдсэн төсвийг батлахад хүндрэлтэй байдал үүсдэг гэж бид олон жил ярьсан. Батлагдаж буй төсөв Монгол Улсын ард иргэдэд ээлтэй байх ёстой юм. Өнөөдөр бид хүүхдийн мөнгөн дээр хэмнэнэ гэж ярьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төсвийн хэмнэлт гээд олон зүйл ярьж байгаа боловч хяналт хариуцлагын бодлого алдагдсанаар нүүрсний, төмөр замын хулгайн хэргийн мөнгө хэдэн их наядаар хэмжигдэж байна. Тиймээс реформын шинж чанартай нэмэлт өөрчлөлт өргөн барьж байна. Бид төсвийн шинэчлэлийг хийхгүйгээр Монгол Улсын эдийн засгийн байдлыг сайжруулна гэдэг өрөөсгөл юм байна. Сүүлийн 10 жил улсын төсөв нэмэгдэж байгаа ч эдийн засаг сүүлийн 10 жил 10 тэрбум ам.доллар дээр л хэлбэрэлтгүй байна. Тиймээс зарцуулж буй төсөвт хатуу хяналт, хариуцлагатай, тогтвортой байхад хуулийн гол агуулга, зорилго оршиж байна.
 
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
 
-Монгол Улсын эдийн засаг сүүлтийн 30 жилийн хугацаанд 13-14 дахин өссөн байдаг. Гэтэл төсөв нь сүүлийн 30 жилд 55 дахин өссөн байна. Төсвийн алдагдал жил бүр өсдөг. Хамгийн том санхүүжилтийн эх үүсвэр зөв байгаа юу гэдэг асуудалд боломжгүй, чадамжгүй, үр ашиггүй гэсэн дүгнэлтийг бүгд хийж байгаа. Иймд шинэчлэлийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Тухайлбал, жил бүр бид төсвийн хүрээг өөрчилдөг, тодотгол хийдэг. Зарим жил хоёр удаа хийсэн байдаг. Тогтвортой байдлын үзүүлэлтүүдээ төсөвтөө зориулж хөндөөд байна. Энэ нь хэвшчихсэн. Ингэснээр төсвийн сахилга бат, тогтвортой байдал арилсан. Тойрог санхүүжүүлсээр Монгол Улсын төсөв хөгжлийн биш халамжийнх болчихсон. Ингэснээр төсвийн тогтвортой байдал үгүй, тоо нь бодитой биш. Хуримтлал үүсгэдэг бус өр үүсгэдэг болсныг бүгд мэдэж байна. Төсвийг алдагдалгүй, өргүй баталъя. Зээл авахгүй, үр дүнд нь манай улсын зээлжих зэрэглэл өснө. Төр биш хувийн секторууд санхүүжүүлдэг олон улсын жишиг рүү орно гэсэн үг. Хуримтлал болох Ирээдүйн өв санг Сангийн яамнаас салгаж Монгол банканд байршуулна. Тэгээд нийтээрээ хяналтаа тавина.Өнөөдөр биш ирээдүй үедээ зориулж хуримтлал үүсгэе. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг улс төрөөс ангид, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн, бие даасан байгууллага болгоё. Энэ байгууллага төсвийн хүрээний мэдэгдлийг бодитойгоор хийдэг байх ёстой. Харин Эдийн засгийн хөгжлийн яам нь макро бодлогуудаа тодорхойлдог байя. 
Төсвийн цаглаварт өөрчлөлт оруулж байна. Одоогийн хуулиар 45 хоногийн хугацаанд төсвийг хэлэлцэж баталдаг. Харин шинэчлэлийн хүрээнд 9 дүгээр сарын 1 гэхэд Сангийн яам төсвийг УИХ-д өргөн барьдаг байхаар хуульчилж байна. Ингэснээр төсвийг хянах хугацаа 75 хоног болж нэмэгдэнэ.
 
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:
 
-Жил бүрийн төсөв батлах үед жигд бус төлөвлөлтийг ярьдаг. Энэ шинэчлэлийн хүрээнд төсвийн хуваарилалтыг жигд хийх, хүн амын нягтаршилтай уялдуулах боломжтой. Төсөв баталсны дараа татвар төлөгчид гомдолгүй үлдэх ёстой.
 
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: 
 
-Манай улсад аймгийн дарга нарын, сайд нарын үзэмжээр төсвийг жалгаар нэг тараасан нь улсын хөгжилд хохирол учруулсан. Тиймээс шинэ хуулиар хариуцлагыг нэн тэргүүнд тавьсан. Төсвийн хэлэлцүүлэг хийгээгүй, үндэслэлгүй тоон тулгуурлаж батлуулсан байвал ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцно.
Төсөв батлуулахдаа олон нийтийн саналыг авдаг болох нь чухал. Төсвийн аудитын байгууллагууд 9 сарын 20 гэхэд ажлаа танилцуулж 10 сард УИХ-ын чуулган эхлэхэд төсвөө хэлэлцдэг болно.
 
Г.Тэмүүлэн: Алдагдал, өр зээлгүй төсөв баталдаг болох, гадаад өр зээлтэй холбоотой үр ашиггүй зардлын асуудалд цэг тавих цаг нь болсон байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0