Цөөн үгээр:
  • Оросын цорын ганц тээвэрлэгч хөлөг найдваргүй болсон тул Хятадаас хуучин хөлөг авах асуудал яригдаж эхлэв
  • Малаа хотлуулах гэж гараад төөрсөн зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ
ИХ ХААНЫ МУЗЕЙД ЭХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР АЯЛАВ
2 сар өмнө   350
Түүхийг бид шүүхгүй л гэдэг. Гэхдээ үр дагавар нь яаж туссан бэ гэдгийг эргэцүүлж, тунгаах учиртай. Их хааныхаа нэрийг чангахан биш бүр аяархан шивнэх ч эрхгүй тийм цаг үеийг бие махбод, оюун санаагаараа туулан байж цагаан морин жилд өрнөсөн Ардчилсан хувьсгалтай золгосон билээ.  Түүнээс хойш үндэсний бахархалт үзэл сэргэж, хандсан зүгтээ л исгэрч эхэлсэн. Бас Чингис гэдэг нэрийг хувь хувьсгалын бүхий л орон зайд шингээх болов. 
              Удалгүй аж ахуйн нэгж, архи пиво, бууз хуушуур гээд юм бүхэнд л оноож өгөх нь холгүй тийм тавиланг нүдээрээ үзсэн. Үзээд ч дассан байх. Ер нь ингээд л энэ нэрийн мөн чанар, бараа сүрийг унагаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Бахархлаа бид өөрсдөө барж идэх шахсан. 
             Тэгвэл Чингис гэдэг нэрийг бид түүх, соёлын уламжлалт агуулгаар нь дахин баяжуулж чадлаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны 280 дугаар тогтоолоор “Чингис хаан, хаад язгууртны музей”-г байгуулах шийдвэр гаргасан. Ингээд Байгалийн түүхийн музейн суурин дээр шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болов. Нийгэм талцаж, зарим нь хуучин музейг нураахыг эсэргүүцсэн бол шинэ өнгө төрхийг хүсэх хэсэг ч байлаа. Хардлага, хүлээлт зэрэг оршсон ч эл бүтээн байгуулалт хэдийнээ тэнгэр баганадан сүндэрлэжээ.  
             Сүхбаатарын талбайн А байрлалд нийт 25 мянга 400м.кв талбайтай есөн давхар уг барилга нь 11 мянга гаруй үзмэр, дурсгалтай. Үүнээс 10 мянга гаруй эх үзмэр нь олны хүртээл болж буй.  Мөн тус музейд дэлгэгдсэн үзмэрийн 92 хувь нь оргинал гэгддэгээрээ дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт хэмээн дүгнэгддэг ажээ.  
             Төрийн ордон тийш харсан музейн төв хаалга нь Их хааны элчийн “Алтан гэрэгэ” хэлбэртэй агаад бариулыг нь гоёмсог домгийн хийцлэл бүхий янгираар дүрсэлжээ. Түүн дээр нь Рашид-Аддины судрын чуулганы зурган дүрслэлийг шигтгэжээ. Ингээд төрт ёсны уламжлал, түүх цадиг шингэсэн “Алтан гэрэгэ”-н бариулаас татаж эх түүхийн жимээр алхаллаа. 
Жуулчид, бага ангийн сурагчид, оюутан залуус, хөдөө орон нутгаас ирсэн иргэд, байгууллага хамт олноороо гээд нийгмийн янз бүрийн төлөөллүүд цугларчээ. Цээж дүүрэн цэлгэр орчин, саруул цэмцгэр танхим, инээмсэглэлээр угтсан тасалбар түгээх ажилтан, зохион байгуулалт, эмх цэгц гээд энэ бүхэн өөдлөх айл үүднээсээ гэдгийг нэгэнтээ санагдуулах шиг. Энд музейг байгуулах шийдвэр гарсан тэр цаг үеэс бүтээн байгуулалт дуусах хүртэл өрнөсөн бүх процессыг он цагийн хэлхээстэй нь гэрэл зургаар баримтжуулсан байв. Эдгээр зураг нь музейд ажилладаг хүн нэг бүрийн хөдөлмөр, сэтгэл сүлэлдэн байж энэ их ажлын ард гарсныг олон таван үггүй өгүүлэх буюу. 
              Хөтчийн замчилснаар хоёр давхар руу гардаг шатаар өгсөхөд Их эзэн Чингис хааны хөрөг угтав. Онцлог нь Говь брэндийн автортай бүхэлдээ ноолуураар бүтсэн хөрөг. Цааш явсаар гурван давхраас буюу Монголын эртний төрт улсын танхимаас аяллаа албан ёсоор эхлүүллээ. Энд НТӨ 209-НТӨ 555 он хүртэлх түүх бичигдсэн байдаг. 
              Хүннү, Сяньби, Жужаны хаант улсын хаад, язгууртнуудын түүхийг харуулсан уг танхимд хүрэл зэвсгийн үеэс эхлэн Монголын анхны төрт улс хүчирхэг Хүннүгийн үеийн хосгүй үнэт археологийн ховор чухал дурсгалууд, хаад язгууртны эдлэл хэрэглэл, чимэглэл, урлаг, сүйх тэрэг зэрэг үзмэр эртний түүхийн гэрч гэсэн шиг олон нууцыг өөртөө агуулна. Мөн Сяньби, Жужаны үеийн хаант улсын хадны оршуулга, Монгол хэлний анхны дурсгал болох Хүйс толгойн бичээс, Төв Ази дахь хамгийн эртний эмээлтэй танилцах боломжтой.
             
Монголд төрт улс үүсэхээс өмнө 3000 жилийн тэртээ оршиж байсан овог аймгуудын үлдээсэн буган чулуун дурсгалуудыг ч их хааны музейд байршуулсан байна. Дэлхийд 1400-аад буган чулуу бүртгэгдсэний 1300 гаруй нь Монгол Улсад байдаг ажээ. Үргэлжлүүлэн Монголын төв болон зүүн хэсгээр өргөн тархсан дөрвөлжин булш болоод одоогоос 2500-3000 жилийн тэртээгээс мөнх цэвдэгт хадгалагдаж ирсэн Пазырыкийн соёлтой танилцав. Мөнх цэвдэгт байсан олдворууд хүйтэн температурт хадгалалт сайн хийгдэж, улмаар археологичдын гарт үндсэн хэв шинжээ алдалгүйгээр ирдэг хэмээн хөтөч хэлж байв. Пазырикийн соёлыг их багаар өөртөө агуулсан энэ дээл дэлхийд хоёрхон байдаг. Нэг нь ОХУ-ын Эрмитажийн музейд, нөгөөх нь энэ гээд урд байгаа шилэн хорго руу хөтөч гараараа дохив. Харин малгай, хазаарын чимэглэл, буган чулуун хөшөөний дурсгалаас амьтны загварт урлал тэр үедээ ямархан хэмжээнд хөгжсөнийг илхнээ харж болно. 
              Сонирхол, шохоорхлыг хамгийн их өдөөсөн зүйл гэвэл музей өөрөө технологийн дэвшлийг ашиглах нь олон талын ач холбогдолтой аж. Танхимд байрлуулсан интерактив газрын зураг, өндөр хүчин чадал бүхий проектор, өргөн дэлгэц, чиглэлийн чанга яригч зэрэг технологийг тус музей Монголдоо анх нутагшуулж байгаа нь энэ. Дуу дүрсний өндөр чанар үзэгчдэд нэн тааламжтай агаад музейн аяллыг нь илүү амттай болгож буй нь илхэн. Мөн AR (Augmented reality), VR (Virtual reality) технологийг нэвтрүүлснээр түүхийг илүү бодитоор харж мэдэрч, гар утас болон таблетаар зургийг хөдөлгөөнд оруулахын зэрэгцээ компьютерын программ хангамж, тусгай толгойн өмсгөлөөр бодит ертөнцөөс дижитал орчинд хүрч очдог онцлогтой. 
             Музейн тайлбарууд кирилл болон босоо монгол бичгээр бичигджээ. Мэдээж хуульд зааснаар 2025 оноос бид бүхэн хос бичигтэн болно гэж музейн хөтөч энэ зуур дурдсан юм. Жуулчдад зориулан аппликейшний тусламжтайгаар дурын үзмэрийн хажууд байршуулсан  QR кодыг уншуулснаар тайлбар мэдээллийг англи хэл дээр авах боломжийг бүрдүүлсэн нь үйлчилгээний шинэлэг, хүртээмжтэй байдлыг ч нэмэгдүүлсэн гойд шийдэл болжээ. Түүнчлэн үзмэрүүдийн гаднах шилэн хорго сайтар боловсруулагдсан бат бэх чанартай, цавуулаг өндөр, бүрэн автомат удирдлагатайгаас гадна чийгшил, дулаан хэмжигч төхөөрөмжүүд суурилуулжээ. Өөрөөр хэлбэл, хадгалалт хамгаалалтын стандартыг цогцоор нь шийдэж өгсөн гэхэд болно. 
             Монгол нутаг Хүннүчүүдийн голомт болох, тэд энд утгаараа оршин байсныг илтгэх олдвор нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Ноён уулнаас малтлага хийж илрүүлсэн эртний хаад язгууртны булш юм. Мөн л газрын хөрсөнд мөнх цэвдэгт оршсон тул тухайн булшнаас олдсон ширмэл ширдэг гэхэд л сайтар хадгалагдсан төдийгүй хүрлийн үеэс эхтэй амьтны загварт урлалын төлөөллийг сэвтээлгүйгээр орчин үед авчирчээ. Сайтар ажваас бүр орчин үеийн ширэх технологитой адил, хонин холбоогоор оёсон нь үйлэнд уран хүний гараар бүтжээ гэж эргэцүүлэм. Мөн үед хөгжсөн дарханы урлалын төлөөлөл болох төрөл бүрийн үнэт чулууг алтанд шитгэж хийсэн ховор үзмэрүүд ч аргагүй сонирхол татна. 
Дараа нь бусад үзмэрүүдээс хэсэгхэн зайд тусгаарлагдсан хоёр давхар дүнзэн булшинд хүрч очив.  Газрын хөрснөөс доош 18-25 метрийн гүнд байдаг Хүннүгийн язгууртны булш, түүнийг тойруулж хийсэн булш бунхныг шинээр сэргээн тохижуулсан нь энэ ажээ. Авсны хоёр хажууг ханан хээгээр чимэглэснийг үзвээс талийгчийг төрөл арилжаад хойд насандаа амьдрах сууцтай нь оршуулсан зан үйлийн шинжтэй гэмээр. Тойруулаад адууны хударга, хөмөлдрөг зэрэг чимэглэл, ширмэл ширдэг, тахилгын тайлга, ундлагын зүйл харагдана. Харин дээд хэсэгт дэнгийн цөгц байх агаад хойд насанд хүргэх гэрлийг төлөөлүүлжээ. 
 
Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн төрт улсын танхимд НТӨ 555-аас 1100-аад он хүртэлх үе хамаарна. Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн төрт улс Түрэг, Уйгур, монгол угсааны Хятаны хаант улсын үеийн түүх, чулуун дурсгал, бичээснүүд, хаад язгууртны булш, бунхан тахилгын газрын эд өлгийн зүйлс, түүх соёл, зан заншилтай холбоотой үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ. Түрэгчүүд Монголын газар нутагт маш арвин баялаг археологийн дурсгалуудыг үлдээсэн байна. Төлөөлөл нь түрэгийн үед хамаарах хүн чулуун дурсгалууд. Тэр дундаа живэр сахалтай эр илд бамбай агссан байдалтай дүрслэгдсэн дурсгалаас гадна Төв азиас олдсон Түрэгийн Билгэ хааны тахилын онгоноос гарсан титэм. Археологичд Билгэ хааны эрдэнэс хэмээн нэрийддэг, эгц харваас гарди шувуу амандаа эрдэнийн чулуу зууснаар дүрслэгдсэн уран гоёмсог хийцлэл бүхий энэ олдвороос дархан хүний бурхан ухаан нэвт ханхална. Нүүдэлчдийн бэлгэдэл гэгддэг бугыг мөнгөөр бүрсэн байх бол хуягласан морь, алтай ятга ч тунгалаг шилний цаанаас түүнээс дутахгүй содон гэрэлтэнэ. Сонирхуулахад, музейн дэргэдэх Хаан найрал хөгжмийн хамтлаг алтай ятга зэрэг түүхэн хөгжмийн зэмсгүүдийг сэргээн засварлаж, урлагийн тоглолтдоо ашигладаг болсон тухай чихэнд сонсголонтой мэдээллийг сонордуулсан юм. 
               Энэ үед хамаарах язгууртны булш, бунхнаас зарц, бараа бологчдыг төлөөлүүлж хийсэн шавар болон модон хүүхэлдэйнүүд гэхэд царай төрхөөрөө өөр хоорондоо давтагдашгүй. Тиймээс тухайн ахуйд амьдарч байсан хэн нэгэн хүнийг төлөөлүүлж хийсэн байх магадлалтай хэмээн судлаачид үздэг байна. Мөн хойд насандаа эдэлж хэрэглэх амгай дөрөө зэрэг эд зүйлсийг хэд дахин жижигсгэж хийжээ. 
Энэ танхимд эртний Уйгурын хаант улсын нийслэл Орду балык (нутгийн иргэд Хар балгас ч гэдэг) хотыг ч эгц дээрээс нь тольдох боломжтой. Тухайн үедээ 100 мянган хүн тогтмол оршин суудаг, 32 км.квадрат талбайг эзэлсэн томоохон хот төдийгүй өрнө дорныг холбосон торгоны их замын зангилаа байсныг хөтөч өгүүлсэн юм. Бидэнд хөтөч хийсэн тайлбарлагч н.Солонго археологич мэргэжилтэй бөгөөд тус музейн зарим олдворын “эрэлч хайгуулчаар” нь ажилласан туршлагатай. Тиймээс музейн үзмэрүүдийн талаар нэвтэрхий мэдэх нь олонтоо, түүний тайлбараас үүдэлтэй дүр дүрслэл ч үе үехэн толгойд бууж байв. 
               Цааш явсаар Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутгаас олдсон Үзүүр гяланы дурсгалд хүрч очлоо. Бүсгүй хүний оршуулга байх ажээ. Хүрэн зээрд зүсмийн морийг дагалдуулж тавьсан ба хударга хөмөлдрөгийн чимэг, эмээл сэлт, бүсгүйн дөрвөн улирлын хувцас хэрэглэл зэргийг харахад археологичид баялаг олдворын мөрөөр орсныг нь илтгэнэ. 
1206-1260 онд хамаарах нь Их Монгол Улсын танхим ажээ. Бусад танхимын адил өргөн дэлгэцэд байгалийн үзэсгэлэн хосолж, ан амьтан, шувуудын дүр төрх хэдэнтээ үзэгдээд өнгөрөв. Энэ нь түүхэнд ул мөрөө үлдээсэн Бурхан Халдун уулын дөрвөн улирлыг харуулсан дүрс бичлэг байв. Хэдэн удаагийн хөдөлмөр зүтгэлийн үрээр бүтсэн бол доо гэхээс дотроо шагшрах шиг болов. Түүнээс ойрмогхон Чингис хааны бүтэн биеийн хөрөг зургийг байрлуулжээ. Их хааны 44 настай үеийн сүр жавхлант, цог бадраасан дүрийг эндээс харж болно. 
Чингис хаан, түүний угсааныхны угийн бичиг, Хабул хааны баримал, Гүюүг хааны тамга, Ромын папад бичсэн захидлын хуулбар, хаад язгууртны алтан болон болор бүс хийгээд Мөнх хааны гэрэлт хөшөө зэрэг өмнөх түүхийн гэрч болсон эдгээр үнэт үзмэр нь сэтгэл уяж, бодолд өнжихөөр. Зэрвэс хараад өнгөрвөл зүгээр нэг эмээл ч тогтож ажваас таны урьд хожид хараагүй содон урлал ч болох энэхүү эмээлийг хийхдээ 32 адууны агт арааг маш нимгэн зүсэж, жийжүүдэж алтан шаргал гуулиар чимэглэн, төмрөөр эмжиж урласан байх юм.
Цааш явсаар танхимын голд байрлах хотгор илдийн дэргэд ирэв. 1984 онд хадны завсраас санамсаргүй байдлаар олдсон энэ илдийн анхны эзэд нь Баянхонгор аймгаас нутаг буцаж явсан цэргүүд ажээ. Хотгор илд нь тухайн үеийн төмөр боловсруулах технологи, сэлэмний ур хийцийн талаарх зарим асуултад хариулт өгснөөрөө Монголын хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад багтжээ.           
Мөн “Алтан гэрэгэ”, Гүегү хааны тамга, жийжүү дөрөө, хатны богтог малгай, дээл, чамин хийцтэй болор эрдэнийн бүс, цэрэг-сртатегийн ур ухаан шингэсэн урвуур харвуур чөдөр оньс, сөргөөн гээд танхим дүүрэн үзмэр нүдний аяганд үл багтана. Ийм үзмэрүүд хараад, хараад үл ханах шунаг сэтгэлийг ч эрхгүй өдөөнө.  
                Ази, Европыг дамнасан асар уудам нутгийг эрхшээсэн Их Юань улс, түүний харьяанд Оросын нутгийг дамнасан Алтан ордны улс, Киргиз, Узбекистаны нутагт Цагаадайн улс, Иран, Иракын нутагт орших Ил Хаант улс багтаж байжээ. Тэгвэл музейн зургаан давхарт байрлах Монголын эзэнт улс ба Хант улсуудын танхимын үзмэрүүд энэ үед хамаарна. Хубилай хааны бичээс, Юань язгууртны малгай, гутал, луун болон таван нүдэн хээтэй дээл, хатдын малгайн чимэглэл, гоо сайхны хэрэгсэл, хүрэл толь, шаазан эдлэлүүд, Ил Хаант улсын үеийн сав суулга, торго дурдан зэрэг нь монголчууд харьцангуй суурин соёлтой болсныг харуулдаг байна. Мөн та богтог малгайн цог чимэг, угалзтай гутал, Хүннүгийн үеэс бэлгэдэж ирсэн алтан нар сар, шонх таван толгойн хүн чулуун дурсгалтай танилцана.
 
Долоодугаар давхарт Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим байрлана. Их Юань улсын дараах хаадын уран зураг, хар туг, түүхийн тулгар сурвалж бичгүүд, XVI зууны эцэс үеийн язгууртны хөшөө чулуу, Абтай хааны хуяг, хөрөг, сэлэм, Мандухай сэцэн хатны үеийн аяга, монгол шатар, Өндөр гэгээн Занабазарын урласан 1000 бурхан, Монгол ноёдын захидал бичиг, монгол ноёны манж гүнжийн эдлэл хэрэгсэл, Халхын ноёдын хошуу захирах тамга, Богд хааны төрийн тамга, хувцас хэрэгсэл, Оросын хаанаас Чингисийн угсааны Ерөнхий сайдад өгсөн бэлэг, алтан ургийн ноёдын хөрөг, туг зэргийг дэлгэсэн байна. Мөн угсаа гарлын хувьд Чингисийн алтан урагт хамаарахгүй ч гэлээ шашин төрийг хослуулан барихдаа Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө хоёргүй сэтгэлээр санаа чилээн зүтгэсэн VIII Богд Жавзандамбатай холбогдох баримтууд ч байх аж. Ерөнхийдөө утга агуулгын хувьд Монголын бага хаадын үе агаад тусгаар тогтнолоо сэргээн мандуулах улс төрийн бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцааны эрчимтэй хөгжлийн түүхэн үечлэлийг харуулжээ. 
Харин наймдугаар давхар бол Дэлхий дахин ба монголчууд: Монгол бахархлын танхим.  Монголчуудын дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурь, бахархлын эх сурвалж нь энд буй. Тэр дундаа танхимын үүд хэсэгт дэлхийн цэргийн урлагийн хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмрийг харуулах зорилгоор 2000 сум, төмөр дуулгануудыг дэглэсэн байв. Монголчуудын хэрэглэж байсан нум сумны хувьд давхиж яваа морин дээрээс харвадаг байсан тул бусад орныхтой харьцуулахад 200-300 метрээр илүү холч тусгалтай байсан гэдэг. Мөн 13 дугаар зууны морьтон монголчуудын бага хүчээр их хүчийг бут цохих, маневр тактикийг ханын зурагтаа дүрсэлжээ. 
 Хубилай хааны зарлигаар Японыг эзлэх дайралтыг 1274 онд 900, 1281 онд 4000 гаруй онгоцоор хоёр удаа хийсэн байдаг. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайн хүртэл хамгийн өргөн фронтоор давшилт хийсэн усан флот гэдгээрээ цэргийн урлагийн түүхэнд арилшгүй тод мөрөө үлдээжээ. Тус музейд залсан “Хубилайн шуурга” нэртэй уран зургийн зөвшөөрөгдсөн цор ганц хуулбарыг харахад энэ түүх сөхөгддөг. 
Музей бол түүх соёл, өв уламжлалын гүүр, үндэстний ой санамж гэдэг. Тэр ч утгаараа Чингис хааны музей энэ агуулгаа барьж ажиллахдаа цоо шинэ жишиг тогтоосон, сонгодог загвар бүхий соёлын дэд бүтцийг бий болгож байна. Түүнчлэн эрдэмтэн судлаачдын үзэл бодол, байр суурийг нэг талд нь гаргаж, үндэсний язгуур эрх ашиг, эв нэгдэл, дархлааг хангаж, шинжлэх ухаан, боловсролын салбарт ч томоохон орон зайг эзлэх автор, гүйцэтгэх үүрэгтэй гэдгийг төгсгөлд нь хэлье.  
Ингээд Их хааны музейд эх түүхийн жимээр аялсан тэмдэглэлээ өндөрлөв. 
ИХ ХААНЫ МУЗЕЙД ЭХ ТҮҮХИЙН ЖИМЭЭР АЯЛАВ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Мммм [66.181.161.5] 2 сар өмнө
    маш сайхан нийтлэл болжээ ❤️