Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
С.Чинзориг: 600-700 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө
5 жил өмнө   20647
Засгийн газраас коронавирусийн халдварын улмаас аж ахуйн нэгж, иргэдэд тодорхой үе шаттайгаар эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээр болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж, хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн билээ.
 
Энэ талаар ХНХЯ-ны сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр мэдээллийн эхэнд “Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэх, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдийн ажилчдад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу дээрх харилцааг зохицуулсан журмын боловсруулж, яамдаас саналыг нь авахаар явуулсан. Энэ журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
 
Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-аас чөлөөлөх хууль батлагдсан. Одоо хуулийг дагаж гарах журам батлагдана. УИХ-ын шийдвэр гараад ажилтны болон ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, улсаас төлж байгаа учраас ажилтны нийгмийн даатгалыг төлснөөр тооцож бичилт хийнэ. Ингэснээр тэтгэвэр тэтгэмж авах, ажилласан жил тасалдахгүй байх, ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулахаар журамд тусгаж байгаа. Хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилтнуудыг сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар бодож нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийнэ
 
Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ бас зургаан сар чөлөөлөгдөнө. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр бодож нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт нь хийгдэнэ. Харин үүнээс илүүгээр төлөх хүн байвал түүнийг нь нээлттэй үлдээхээр журамд зааж өгч байгаа.
 
Нэгэнт хууль 04.01-10.01 хүртэл гэж батлагдсан учраас журам нь хэзээ батлагдаж гарахаас үл хамааран хууль хэрэгжээд явна гэж ойлгох хэрэгтэй. Тодруулбал, энэ сараас эхлэн байгуулагууд ажилтныхаа цалингаас шимтгэл авахгүйгээр бүтэн тооцож, цалинг нь олгоно. Дөрөвдүгээр сарын НДШ-ийг төлчихсөн байгууллага байвал журмаараа ажилчиддаа буцааж олгоно” гэлээ.
 
Ирэх долоо хоногийн эхээр холбогдох журмыг боловсруулж, УИХ-аар батлуулах аж. Ингэсэн тохиолдолд НДШ төлж байгаа 600-700 мянган ажилтан НДШ-ээс чөлөөлөгдөх юм.
 
С.Чинзориг: 600-700 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0