Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч Л.Түдэв таалал төгсжээ
4 жил өмнө   616
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, улс төр,нийгмийн зүтгэлтэн, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв таалал төгсжээ.
 
Тэрээр 1935 онд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) суманд төрсөн. 1942-1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 -1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 -1956 онд УБДС, 1964-1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэжээ.
 
УБДС-ийг төгсөөд 1956 оны намар төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж багшилсан бөгөөд 3 жил орчим ажилласны дараа 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал дэвшүүлэн нам засгийн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон.
 
Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурсан гурван жил нь үр бүтээлтэй өнгөрч, цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлсэн юм. Л.Түдэв 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирснийхээ дараа МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан. 1974 онд Л.Түдэв МЗЭ-ийн даргаар сонгогдов. Тэр шинэ албан ажлаа аваад төдий л удаагүй байтал буюу 1 жилийн дараа 1975 оноос МХЗЭ–ийн Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. МЗЭ–ийн хорооны даргын ажлыг хувьсгалт залуучуудын эвлэлийн даргын ажилтай давхар хийсээр жил болсон бөгөөд зохиолч Д.Наваансүрэн, МЗЭ–ийн хорооны орлогч дарга болсноор түүнд зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ.
 
Л.Түдэв МЗЭ–ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил ажиллахдаа зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар их зүйлийг хийж гүйцэтгэжээ.
 
Уулын үер, Нүүдэл суудал, Оройгүй сүм роман, Сайн байцгаана уу хүүхдүүдээ шүлгүүд, Хорвоотой танилцсан түүх, Нууц биш нууц, Нөхөд зэрэг тууж, Зэрэг нэмэхийн өмнө, Говь хянганд тулалдсан нь зэрэг киноны зохиолыг бичсэн агуу ухаантан, эрдэмтэн, судлаач байсан юм.
 
Түүний зохиол бүтээлүүд нь Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдэж Монголын уран зохиолыг дэлхийн тавцанд гаргахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.
 
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч Л.Түдэв таалал төгсжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0