Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
УБТЗ: Захиалсан байраа ашиглалтад орохыг зургаан жил хүлээж байна
4 жил өмнө   309
УБТЗ-ын Удирдах газрын харьяа Замын-Үүд боомт болон Замын-Үүд зангилааны 52 ажилтны нийгмийн асуудлыг шийдэж, орон сууцтай болгох ажил 2014 оноос эхэлжээ. 2014 оны зургаадугаар сард орон сууцны урьдчилгаа төлбөр болгож, 52 ажилтнаас нийт 712 сая төгрөгийг гүйцэтгэгч компани авсан ба гэрээ ёсоор 2016 оны есдүгээр сард орон сууц ашиглалтад орох байв.
 
Гэвч өнөөг хүртэл зургаан жилийн хугацаанд орон сууц бүрэн баригдаагүй, ажилтнуудын мөнгийг буцаан олгоогүй тул тэд өнөөдөр "Үндэсний мэдээллийг төв"-д байр сууриа илэрхийлж, нөхцөл байдлаа танилцууллаа.
 
Мэдээллийн эхэнд, 52 ажилтны төлөөлөл "2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 515 тоот албан бичгээр 66 айлын орон сууцыг барихаар болсон. Гэвч Замын-Үүд өртөөний тухайн үеийн дарга ямар нэг тендер зарлалгүйгээр эдийн засгийн чадваргүй нэр бүхий компаниудыг барилгын ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан. Ажилтнуудын гэрээ ёсоор байрны урьдчилгаа болгож өгсөн нийт 712 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь мөн тодорхойгүй. Зургаан жилийн хугацаанд бид байрандаа орж чадаагүй, төлсөн мөнгөө авч чадаагүй, өнөөдрийг хүртэл эрх ашиг зөрчигдсөөр байна" гэв. 
 
Түүнчлэн тэдний хэлснээр УБТЗ-ын удирдлагууд үүсээд буй нөхцөл байдалд арга хэмжээ аваагүй тул хохирсон ажилтнууд удаа дараа гомдол гаргаж, 2017 онд прокурор, цагдаагийн байгууллагад хандсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
 
2014 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн байдлаар барилгын ерөнхийлөн гүйцэтгэгчээр "Эрдэм түм" гэх компани ажиллаж байгаад "Гарьдын бүрд" компанид шилжүүлжээ. Улмаар "Гарьдын бүрд" компани нь ажлаа үргэлжлүүлэх хөрөнгөгүй болж, зээл авч чадаагүй тул 52 иргэнд Бэлэглэлийн гэрээгээр дутуу барилгыг шилжүүлсэн хэмээн 52 иргэний төлөөлөл мэдээлэв.
 
Ингэхдээ иргэдэд мэдэгдэлгүйгээр хийж, хариуцлагаас зугтаж байна гэдгийг тэд мөн тодотгосон. Уг асуудалтай холбогдуулан 23 иргэн нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 22-ыг нь хүлээн авахаас татгалзжээ.
 
Иймд, тухайн 52 иргэнд учраад буй хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар УБТЗ-ын Удирдах газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг тэд хүслээ. 
 
Б.Сайханзаяа
УБТЗ: Захиалсан байраа ашиглалтад орохыг зургаан жил хүлээж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0