БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос болон БНСУ дахь монгол иргэдийн төлөөлөгчдийг энэ сарын 25-нд хүлээн авч уулзав.
Уулзалтад тус ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, БНСУ дахь Монголын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Д.Нарантуяа, МҮОНРТ-ийн БНСУ дахь төлөөлөгч Э.Ижилболд, Өмнөд Чолла муж дахь Монгол Улсын өргөмжит консул Ким Мён Гүн, БНСУ дахь Төрийн банкны төлөөлөгч Э.Жавхлан, БНСУ дахь Монгол оюутны холбооны тэргүүн Э.Хувилай нар байлцаж, Монгол, БНСУ-ын харилцаа, нэн ялангуяа иргэдийн солилцоо, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин удахгүй манай улсад айлчлах гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Э.Сарантогос болон манай талаас уулзалтад оролцогчид Монгол, БНСУ-ын харилцаа нэн ялангуяа бизнес, эдийн засгийн талбарт улам тэлээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлж, монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар дэмжихийг хүсэв. Мөн Монгол, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг бататган бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, монгол иргэд БНСУ-д ая тухтай амьдрахад анхаарал хандуулж байгаа Гадаад хэргийн сайд Пак Жинд талархал илэрхийлэв.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол иргэдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав |
|