Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав
2 долоо хоног өмнө   162
Арабын Нэгдсэн Эмират Улсын нутаг дэвсгэрт Лхагва гарагт сүүлийн 75 жилд ажиглагдаагүй их хур тунадас унаснаас Дубай хот гэнэтийн их үерт автсан байна.
 
Хуурай уур амьсгалтай тус улсад жилдээ дунджаар 100 орчим мм хур тунадас унадаг бол Мягмар гарагаас Лхагва хүртэл 24 цагийн дотор 250 мм хүрсэн юм.
 
Энэ нь цаг агаарын бүртгэл хөтөлж эхэлсэн 1949 оноос хойш үзэгдээгүй их хэмжээний хур тунадас болжээ.
 
Аялал жуулчлалын төв Дубай хотын гудамж талбайнууд усанд автаж, барилга байгууламжуудын гадна фасад нурж, нислэгүүд саатсан байна.
 
Үерийн усны түвшин маш хурдтай нэмэгдсэн тул хүмүүс гудамжинд автомашинаа орхин зугтаж байжээ.
 
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаатай энэ үйл явдлыг холбон тайлбарлаж байна.
 
Халсан агаар чийгийг өөртөө маш сайн шингээж, энэ нь эргээд их хэмжээний хур тунадас болон буудаг ажээ.
 
Ийм шалтгаанаар үүссэн хурын үүлс одоо Арабын хойг, Оманы буланг дайран зүүн зүгт шилжиж байгаа юм байна.
 
Мягмар гарагт Оман улсад буусан их үерийн үеэр 18 хүн амиа алджээ.
 
Хурын үүлс өчигдрөөс эхлэн Иран, Пакистаны өмнөд хэсэгт шилжсэн байна.
 
Ираны өмнөд эргийн Чабахар хотод унасан хур тунадасны хэмжээ өчигдөр 130 мм хүрчээ.
 
Үерийн улмаас Дубай хотын олон улсын нисэх буудал хаагдаж, нислэгүүд хойшилсон нь эмх замбараагүй байдал үүсгээд байна.
 
Өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират Улсын нисэх буудлуудаар 134 сая зорчигч дайран өнгөрсний 87 сая нь Дубай хотын олон улсын нисэх буудлаар үйлчлүүлжээ.
 
10 сая хүн амтай Эмират улс иргэний агаарын тээврийн таван компанитай юм.
 
Зарим хүмүүс өчигдрийн их аадар бороог эрх баригчид үүл буудсанаас болсон гэж үзэж байна.
 
Халуун, хуурай уур амьсгалтай тус улсад 1990-ээд оноос үүл буудаж, бороо оруулах арга хэрэглэж эхэлжээ. Гэхдээ эрх баригчид Ням, Даваа гарагуудад үүл буудсан бол Мягмар гарагт ийм арга хэмжээ аваагүйг мэдээлсэн байна.
 
Цаашдаа гэнэтийн үер усны гамшгийн давтамж нэмэгдэх тул Дубай хотын дэд бүтцийг шинэ нөхцөлд тохируулан өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Тухайлбал зам талбайн ус зайлуулах сувгийг өргөтгөх, ус шингээх ногоон байгууламжуудын тоо хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
 
Энэ оны нэгдүгээр сард Арабын Нэгдсэн Эмират Улсын зам, тээврийн яам Дубай хотыг үерийн гамшгаас сэргийлэх ажлыг хариуцсан шинэ нэгж байгуулж байжээ.
 

Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0