Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Токиод Аяако гүнжийн хуримын ёслол болов
5 жил өмнө   566
Даваа гаригт Токиогийн Мэйжи сүмд Японы гүнж Аяакогийн хуримын ёслол болсон талаар "The Japan Times" мэдээлжээ. Хүрэлцэн ирсэн зочдын өмнүүр аажуухан алхаж буй гүнж Аяако, сүйт залуу Кэй Мория нарын дүрс бичлэг Японы үндэсний мэдээгээр цацагдсан байна. Тэдний гэрлэх ёслол Мэйжи сүмийн шүтээн цогцолборын жижиг сүмүүдийн нэгд болж, хосууд бөгжөө солилцжээ.
 
Эдүгээ 28 настай Аяако нь эзэн хаан Акихитогийн талийгаач үеэлийн охин бол түүний сүйт залуу Кэй Мория нь 32 настай, “Ниппон Юсен” хөлөг онгоцны компанийн ажилтан юм.
 
Аяако гүнж Хэйаны үеийн (794-1185 он) үс засалт, өмсгөлөөр гоёсон бол сүйт залуу нь өрнө дахины ёслолын хувцас өмсчээ. Сүйт залуу удалгүй өмсгөлөө сольсон байна. Хуримын ёслолын дараа гүнж "Би аз жаргалаар дүүрэн" байна хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. 
 
Японы эзэн хааны гэр бүлийн эрэгтэйтэй суусан энгийн эмэгтэй язгууртан болдог бол энгийн эрэгтэйтэй суусан гүнж язгууртны хэргэм зэргээсээ татгалздаг уламжлалтай. Аяокогийн хувьд эгэл жирийн хүнтэй гэрлэж байгаа тул Эзэн хааны гэр бүлийг орхиж явах ёстой юм.
 
Сүйт залуу Кэй Мория “Аяаког энгийн хүний амьдралд суралцахад нь тусалж чадна гэж найдаж байна” гэж хэлжээ. Мөн тэрээр “Бид гар гараасаа барилцаад, хамтдаа бүтээж, инээмсэглэл дүүрэн гэр бүл бий болгохыг хүсч байна" хэмээн хэлсэн байна.
 
Өнгөрсөн долоо хоногт Японы эзэн хаан Акихито гүнж Аяаког үдэж гаргах ёслол болсон юм. Эзэн хааны ууган ач охин мөн энгийн иргэнтэй 2020 онд гэрлэхээр төлөвлөөд байгаа аж.
 
Аяакогийн эцэг, ханхүү Такамадо 2002 онд нас баржээ. Японы засгийн газар гүнжийг энгийн амьдралд шилжихэд нь зориулж төсвөөс 950 мянга орчим ам.доллартай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна.
 

Токиод Аяако гүнжийн хуримын ёслол болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0