Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийнэ
6 жил өмнө   464
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулж Глоб Интернэшнл төвөөс сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийхээр болсон талаар өнөөдөр  /2018.08.28/ мэдээлэл хийлээ. Тодруулбал Глоб Интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрийн эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын хуульчдын холбоо, Монголын хэвлэлийн зөвлөлтэй хамтран Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийх аж. Энэхүү мониторингийн гол зорилго нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж буй дарамт шахалт, заналхийлэл,  хүчирхийлэлд олон нийт, нэн ялангуяа төрийн анхаарлыг илүүтэй хандуулахад оршино гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Глоб Интернэшнл төвөөс жил бүр бэлтгэн гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний тайлангаас харахад,  2017 оны тавдугаар сараас хойших нэг жилийн хугацаанд нийт 140 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах 182 удаагийн сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол бүртгэгджээ.  2006 оноос хойш монголын сэтгүүлчдийн эрхэд халдсан  701 удаагийн тохиолдлыг бүртгэсэн бөгөөд 2009 оноос хойш дээрх тоо тогтмол нэмэгдсээр байгаа нь сэтгүүлчдийн аюулгүй байдал алдагдсаар буйг илтгэж байгаа юм гэдгийг Глоб Интернэшнл төвийн  тэргүүн Х.Наранжаргал тодотгов.  Тэрбээр энэ талаар цааш хэлэхдээ “Монголын хуульчдын холбоо, Монголын хэвлэлийн зөвлөлтэй хамтран бид сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийнэ.  Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ,  хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчид яагаад хамгаалагдах ёстой вэ  зэргийг хууль хүчнийхэн мэддэг байх шаардлага тулгарч байгаа” гэлээ.
 
Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч  Ж.Хунан:
Хуулийн байгууллагынхан хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах чиг үүргийнхээ  хувьд  сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийх үйл ажиллагаанд хамтран оролцож байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрхийн тухай агуулгыг хуульчдад зөв таниулан сурталчлан таниулах нь зүйтэй  гэж харж байгаа.  Бид хамтын ажиллагааныхаа  хүрээнд  хэвлэл мэдээллийн  эрхзүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгээд эхэлсэн байгаа. Цаашид 13 хуульчийг  энэ чиглэлээр мэргэшүүлж, сэтгүүлчдэд зөвлөгөө, тусламж  үзүүлэх, тэднийг хамгаалах  үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
 
Монголын хэвлэлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал  Г.Гүнжидмаа:
Манай зөвлөл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 150 гаруй  редакцын эсрэг  иргэний  гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага бий болсноор иргэн, редакцын хооронд үүсэж буй зөрчил маргааныг шүүхийн өмнөх шатнаас  шийдвэрлэж зохицуулах боломж бүрдсэн. Глоб Интернэшнл төвөөс гаргасан тоон мэдээллүүдээс харахад , хэдийгээр өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлэх боломж нь бий хэдий ч сэтгүүлчдийн эсрэг гаргаж байгаа гомдол, зөрчил маргааныг ихэвчлэн шүүх, цагдаагийн байгууллагаар шийдэгдэж байгаа тоо баримт өндөр байдаг. 2017 онд гэхэд энэ төрлийн 108 тохиолдол гарсан.
Сэтгүүлчдийн аюулгүй байдалд  хийсэн мониторингийн үр  дүнг ирэх арваннэгдүгээр сарын 2-нд олон нийтэд мэдээлэх аж.
 
Сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0