Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Мьянмарын цэргийн дэглэмийн хүч улам бүр суларч байна
3 долоо хоног өмнө   162
Гурван жилийн өмнө ардчилсан замаар сонгогдсон засгийн газрыг хүчээр түлхэн унагасан Мьянмарын цэргийн дэглэмийн хувь заяа бүрхэг болоод байна.
 
Төрийн эргэлт гарсан цагаас хойш иргэдийн зарим хэсэг цэргийнхний харгислалыг тэвчилгүй зэвсэг барин тэмцэж байгаа. Мьянмарын зах хязгаар нутгийн үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүд тэдэнтэй нэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
 
Сүүлийн саруудад цэргийн дэглэм хэд хэдэн ялагдал дараалан хүлээгээд байгаа. Тухайлбал хамгийн сүүлд Тайланд улстай залгаа хилийн худалдааны чухал боомт Миавадди хотыг босогчдод алдсан байна.
 
Одоо Мьянмарын цэргийн дэглэм улсынхаа төв хэсгийг захирч байгаа ч Хятад, Энэтхэгтэй хил залгаа нутаг, баруун хязгаарын Рахин мужид хяналтаа алдаад байна.
 
Олон фронт дээр босогчид, зэвсэгт бүлэглэлүүдтэй зэрэг тулалдаж буй цэргийнхний хүч суларсан нь саяхан цэргийн хугацаат албыг заавал биелүүлэх иргэний үүрэг болгох шийдвэр гаргаснаас харж болно.
 
Энэ шийдвэрийн улмаас залуус цэргийн дэглэмийн хяналтад байгаа газар нутгаас дүрвэх болжээ.
 
“Цэргийн дэглэм ялагдал амсах бүрдээ нэр хүндээ алдаж байна. Энэ бүхэн дэглэмийг дотроос нь ялзруулж, эрх мэдлээ хадгалах чадваргүй болгож байгаа нь гарцаагүй. Гэхдээ дэглэмийн сүйрэл аажмаар үргэлжлэх байх. Энэ бол Кабулын уналт шиг биш” гэж Crisis Group байгууллагын Мьянмарын зөвлөх Ричард Хорси дүгнэж байна.
 
Бүс нутгийн байгууллага болох Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоо (ASEAN) тус улсын хямралыг шийдвэрлэх олон улсын санаачилгыг тэргүүлэн ажиллаж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа.
 
Цэргийн дэглэмийн хүч суларсныг яриа хэлэлцээ эхлүүлэх боломж гэж харж байгаагаа Тайландын ерөнхий сайд Сретта Тависин энэ долоо хоногт хэвлэлд ярьсан юм.
 
Хятад улсыг Мьянмарын дотоод хэрэгт нөлөөлөх хамгийн боломжтой улс гэдэг ч Бээжингийн эрх баригчид болон цэргийн дэглэмийн ээдрээтэй харилцаа үүнд саад болдог.
 
Аун Сан Су Чигийн засгийн газартай найрсаг харилцаатай байсан Хятад улс цэргийнхний төрийн эргэлтийн дараа Мьянмарт оруулсан ихээхэн хөрөнгөө алдсантай энэ нь холбоотой юм. Мөн Мьянмарын нутагт Хятадын иргэдийг онилсон онлайн луйврын үйл ажиллагаа идэвхтэй явагдаж, цэргийн дэглэм тэдгээрийг цэгцэлж чадахгүй байгаа нь хоёр улсын хооронд асуудал болдог.
 
Үүний улмаас Хятадын эрх баригчид өнгөрсөн оны сүүлээр хил залгаа Мьянмарын умард Шань мужид байлдааны ажиллагаа явуулах зөвшөөрлийг үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэлд өгч байв. Одоо Хятадын засгийн газар дайтагч талуудын хооронд зуучлах үүрэг гүйцэтгэж байна.
 
 
 
Эх сурвалж: AFP
Мьянмарын цэргийн дэглэмийн хүч улам бүр суларч байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0