Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
Хотын дарга Х.Нямбаатар “Энэ удаагийн төсвийн тодотголд орон нутгийн төсвийн урсгал болон гүйцэтгээгүй хөрөнгө оруулалтын ажлуудыг дахин тодотголоо. Түүнчлэн нийслэлд барьж байгаа 37 сургууль, цэцэрлэгийн ажлыг энэ онд гүйцэтгэлийн дүнгээр нь санхүүжүүлэх, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээн байгуулалтад шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг санхүүжүүлэх зэрэг чиглэлийг тусган төсвийн тодотголын үндсэн агуулгыг боловсруулсан. Эх үүсвэрийн тухайд урсгал зардлыг хэмнэж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад чиг үүрэг, мандатын шинжилгээ хийн, бүтцийг нь шинэчилнэ” хэмээв.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Төсвийн төлөвлөгөө бус тодотгол учраас цаг алдахгүйн тулд зөвлөлийн хурлыг яаралтай хийн, Төсвийн хороо өргөтгөн хуралдаж, НИТХ-ын чуулганыг ойрын хугацаанд зохион байгуулах болно” гэлээ. НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу төсвийн хэлэлцүүлгийг хоёр шаттай хийх юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбогдуулан төсвийн орлого буурч, төсөв алдагдалтай болох нөхцөл байдал үүссэн тул төсөвт тодотгол хийх шаардлага бий болсон. Мөн нийслэлийн 2023 оны төсвийн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангуулахад анхаарч төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.
Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, төсөвт тусгасан үр ашиггүй, тооцоо судалгаагүй урсгал зардлыг танаж, түүний эх үүсвэрийг нийгмийн шинж чанартай арга хэмжээнд хуваарилах зорилгоор тодотголд
Ажлын байрны дүн шинжилгээ хийж, давхардсан орон тоог нэгтгэх замаар зардал хэмнэх,
Хөрөнгө оруулалтын зардлаас гэрээ байгуулагдаагүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх
Нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн компаниудад олгодог машин цагийн зөрүү болон бусад хөнгөлөлтүүдийг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг байх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна.
Хэмнэсэн зардлыг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Сэлбэ дэд төвийн ТЭЗҮ болон зураг төсөл, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг өргөн барилаа |
|