Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Оросын талаас нийтдээ 81 далавчит пуужин харвасны 43-ыг нь устгасан тухай Украины зэвсэгт хүчин мэдээлжээ.
2 жил өмнө   309
Даваа гарагт Оросын арми Украины олон хотод агаарын цохилт өгсөн нь хоёр хоногийн өмнө Крымийн гүүрийг дэлбэлсэн халдлагын “өшөө авалт” байлаа.
 
Өчигдөр өдрийн байдлаар Оросын талаас нийтдээ 81 далавчит пуужин харвасны 43-ыг нь устгасан тухай Украины зэвсэгт хүчин мэдээлжээ.
 
Агаарын довтолгоонд нийслэл Киев хотоос гадна баруун бүсийн Львов, Тернополь, Житомир, төв бүсийн Днипро, Кременчук, өмнөд бүсийн Запорожье, зүүн бүсийн Харьков зэрэг хотууд өртсөн байна.
 
Довтолгооны үеэр наад зах нь 10 хүн амь үрэгдэж, олон хүн шархдаж, зарим бүс нутагт эрчим хүчний тасалдал үүссэн тухай Украины албаныхан мэдээлжээ. Хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж, амь үрэгдсэн хүний тоо цаашид өсөх нь тодорхой байгааг Украины үндэсний цагдаагийн газар мэдээлсэн байна.
 
Өглөө ид ачаалалтай үеэр цохилт өгсөн нь жирийн иргэдийн амь насыг олноор бүрэлгэж, цахилгаан, дулааны хангамжийг тасалдуулах зорилготой байсан гэж албаныхан дүгнэж байна.
 
Нийслэл Киев хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд, аялал жуулчлалын төвүүд агаарын цохилтод өртжээ.
 
Даваа гарагт болсон ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр ерөнхийлөгч Путин агаарын цохилтоо үргэлжлүүлэхээр украинчуудыг сүрдүүлсэн байна.
 
“Манай газар нутагт террорист ажиллагаа явуулах оролдлогоо үргэлжлүүлбэл ОХУ-ын зүгээс үзүүлэх хариу арга хэмжээ ширүүн байх бөгөөд Орост үзүүлсэн аюул заналтай ижил түвшинд байх болно” гэж Путин энэ үеэр мэдэгджээ.
 
Тэрбээр Даваа гарагт Украины хотуудад өгсөн агаарын цохилт өөрийнх нь шууд тушаал байсныг баталсан байна.
 
“Киевийн дэглэм хийсэн үйлдлээрээ өөрийгөө олон улсын алан хядах байгууллагуудтай ижил түвшинд аваачлаа. Бүр хамгийн харгис бүлгүүдтэй. Ийм үйлдлийг хариу өгөхгүйгээр орхих ямар ч боломжгүй” гэж Путин энэ үеэр хэлсэн байна.
 
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өглөөний ид ачааллын үеэр агаараас довтолсон нь зориуд энгийн иргэдийн амь насанд халдаж, эрчим хүчний дэд бүтцийг устгах зорилготой байсныг мэдэгджээ.
 
Украины ерөнхий сайд Денис Шмигалийн мэдээлснээр өчигдөр Украины найман бүс нутгийн дэд бүтцийн 11 чухал байгууламж ямар нэг хэмжээгээр гэмтсэн байна.
 
Тэрбээр эрчим хүч, дулааны тасалдлыг аль болох хурдан засварлахаа амлаад цаашдаа түр хугацааны тасалдалд бэлтгэлтэй байхыг ард иргэддээ уриалжээ.
 
“Путиний цорын ганц тактик нь Украины тайван амгалан хотуудад террорист халдлага үйлдэх. Гэхдээ тэр Украиныг ийм аргаар сөхрүүлж чадахгүй. Түүнтэй энхийн хэлэлцээ хийх боломжтой гэж тайвшруулдаг хүмүүст энэ үйлдэл Путин бол пуужингаар ярьдаг террорист юм гэсэн хариултыг өглөө” гэж Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба твиттер хуудсандаа бичсэн байна.
 
 
 
Эх сурвалж: AFP
Оросын талаас нийтдээ 81 далавчит пуужин харвасны 43-ыг нь устгасан тухай Украины зэвсэгт хүчин мэдээлжээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0